У.Хүрэлсүх 25 жилийн өмнөх япон андуудаа эргэн дурсаж, Монголд урьжээ

  • 0
  • 170
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 1994 онд Японы Аомори мужийн Гонохэ хотод зочилж байжээ. Элэгсэг дотно нэгэн япон айлд хоноглож байснаа эргэн санасан Ерөнхий сайд тэр айлаа олохыг хүссэн байна. Тодруулж хэлбэл, Ерөнхий сайд гэрийн эзний охинд амласан амлалтаа биелүүлэхийг хүсжээ.

Японы Гадаад хэргийн Яаманд Ерөнхий сайдын гаргасан хүсэлтэд “1994 онд Японд байхдаа байрлаж байсан айлын охиныг олоход туслалцаа үзүүлээч. Том болохоор нь Монголд урина гэж амласнаа биелүүлмээр байна. Намайг үнэхээр дотно хүлээж авсан юм” гэж бичсэн байлаа. Гэвч нэрийг нь мартсанаас гадна ганцхан гэрэл зураг л баримт болон үлдсэн байв.

Японы ГХЯ-наас архивын материалыг судлан үзэж, Ерөнхий сайдын байрлаж байсан айл нь Такамүра Митоши болохыг тогтоожээ. Ингээд Монгол Улсаас Японд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал Гонохэ хотод очиж, Такамүра санд Ерөнхий сайдын илгээмж, бэлгийг гардуулсан байна.

/

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 1994 оны 8-9-р сард ЖАЙКА-гийн төслийн хүрээнд Японд очиж байжээ. Тэр үед найман настай байсан охинд нь “Монголд урина” гэж амлаж байсан гэнэ. Энэ амлалтаа биелүүлж, ирэх долоодугаар сард Такамүра саны гэр бүлийг Монголд урьсан байна. Такамүра сан “Их хөгжилтэй залуу байсан. Ерөнхий сайд болсныг нь дуулаад их бахархаж байлаа” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

М.Сугар-Эрдэнэ

Эх сурвалж: Асахи шимбүн

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх