Б.Лхагвасүрэн: Оны эцэст валютын нөөцийг $4.8-4.9 тэрбумын хооронд байна гэж төсөөлж байгаа

  • 0
  • 3794
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар валютын нөөцийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр “Валютын албан нөөц 2022 оны наймдугаар сард түүхэн доод хэмжээндээ хүрсэн. Харин 2024 оны тавдугаар сарын түүхэн дээд хэмжээ буюу 5.2 тэрбум ам.долларт хүрсэн. Одоо 4.6 болоод буусан байна. Ямар шалтгааны улмаас валютын нөөц буугаад байна вэ” гэв.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “2025 оны тавдугаар сард валютын нөөц түүхэн дээд хэмжээдээ хүрсэн. Түүнээс хойш БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн өрийн 50 хувийг төлж барагдуулсан. Оны эхнээс гурван удаа ээлж дараатай төлсөн. Оны эхэнд 12 тэрбум юанийн өр байснаас 6 тэрбум юанийн өр үлдээд байна. Тухайн үеийн ханшаараа бараг 2 тэрбум ам.долларын өр бичигдээд явж байсан бол 6 тэрбум юанийг өнөөдрийн ханшид шилжүүлбэл 800 сая ам.долларын өр болж буурсан. Энэ асуудал валютын нөөц өсөөгүйн нэг шалтгаан болох байх.

Мөн нэлээн том шалтгаан нь импорт 26 хувиар өссөн. Экспорт 6 хувиар өссөн. Импорт дээр ирж байгаа дарамт нь валютын нөөц өсөхгүй байх шалтгаан болж байгаа. Мөн хэрэглээн дээр өсөлт бий. Тухайлан нэг бүтээгдэхүүний хэрэглээг ярихад оны эхний найман сарын байдлаар 85 мянган авто машин импортолсон байна. Өмнөх жилүүдэд 50-60 мянган машин оруулж ирдэг байсан бол энэ онд зөвхөн эхний найман сарын байдлаар дээрх тооны автомашин импортолсон байна. Импорт нэмэгдэж байгаа валютын нөөц өсөхгүй байхад сөрөг нөлөө үзүүлж байгаа.

Монголбанкнаас оны эцэст валютын нөөцийг 4.8-4.9 тэрбумын хооронд байна гэж төсөөлж байгаа. Тэгэхээр валютын нөөц тогтвортой, өндөр хэмжээнд байна" гэдэг хариулт өглөө. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх