Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлого эдийн засгийн идэвхжилийг үргэлжлүүлэхэд зорино

  • 0
  • 2373
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монголбанкнаас 2025 онд хэрэгжүүлэх Төрийн мөнгөний бодлогын зорилтын талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

- КОВИД-19 цар тахлаас хойш өндөр инфляцын эсрэг хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлого аажимдаа зөөлөрч байна шүү дээ. Цаашид зөөлрөх нөхцөл эдийн засгийн орчинд үүссэн үү? 

- Томоохон төв банкуудын хэрэгжүүлж байсан мөнгөний хатуу бодлого энэ оноос эхлэн зөөлөрч байгаа нь цаашдын глобал өсөлтөд эергээр нөлөөлнө. Гэхдээ геополитикийн зөрчилдөөн, улс орнуудын мөргөлдөөн үргэлжилсээр байна. Дээр нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс доогуур байгаа нь эрсдэл бий гэдгийг давхар сануулж байна. Дотоод талаасаа авч үзвэл, төсвийн тодотголоор ирэх онд дотоод эрэлт тэлж, инфляц өсөх дарамт нэмэгдэхээр байна.

Гэхдээ мөнгөний бодлогын хатуу төлөв үргэлжилж, гадаад инфляц бага, валютын ханш харьцангуй тогтвортой хадгалагдахаар байгаа тул инфляц зорилтын дээд интервалын орчимд тогтворжих хүлээлттэй байна. УИХ-д өргөн барьсан төсвийн төсөл батлагдаж, томоохон бүтээн байгуулалтуудын санхүүжилтийг гадаад эх үүсвэрээр шийдвэрлэх боломжгүй болох нөхцөлд төлбөрийн тэнцэл муудах, инфляц хүлээлтээс давж өсөх эрсдэл бий. Харин эдийн засгийн идэвхжил, өсөлт үргэлжлэх төлөвтэй байна.

- Монголбанк 2024 оны эдийн засгийн өсөлтийг 4 орчим хувьд төсөөлж байсан ч эдийн засаг сэргэн сайжирч байгаа нь төсөөллөө дахин шинэчлэх нөхцөлд хүргэлээ. Тиймээс Монголбанк ямар байр суурьтай байна вэ?

- Тиймээ. Эдийн засагт гарч байгаа эерэг өөрчлөлтүүдийг харгалзан үзэж төсөөллөө шинэчилсэн. Бид энэ оны эдийн засгийн өсөлтийг 5.5 хувь болгож нэмэгдүүлээд байна. Манай улсын голлох салбарууд, тэр дундаа худалдаа үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлт хүлээлтээс сайн байна. Харин ирэх оны хувьд төсвийн төлөв сулрах, Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл эрчимжих, зудын сөрөг нөлөө арилах зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлт 7-8 хувийн орчимд байхаар байна. Гэхдээ эдийн засгийн идэвхжил, төсвийн тэлэлттэй уялдан импортын өсөлт эрчимжиж байгаа нь валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлж байна. Цаашид дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ, худалдааны түнш орнуудын нөхцөл байдлаас гадна төсвийн төлөв нь төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөцөд голлон нөлөөлөхөөр байна.

- Инфляц нэгэнт төв банкны зорилтод түвшин болох 6 хувь руу бууж хангагдлаа. Гэсэн ч та эрсдэл байгааг онцолж байна. Тэгэхээр Монголбанк ирэх онд инфляцыг тогтворжуулахад хэрхэн анхаарч, зорилтоо тодорхойлж байна вэ?

- Инфляц 9 дүгээр сарын байдлаар 6.7-тай байна. Энэ нь Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд 6+/-2 хувийн интерваль орчимд тогтворжуулах зорилтыг хангаж байна. Инфляц буурахад мөнгөний хатуу бодлогоос гадна худалдааны түнш орнуудын инфляц 2023 оноос тогтворжиж,  тээвэр логистикийн саад бага байж, төгрөгийн ханш тогтвортой байсан зэрэг нь голлон нөлөөллөө. Монголбанк эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор инфляцыг 2027 он гэхэд 5(+/-2) хувьд тогтворжуулахаар зориод байна.

Ирэх онд эдийн засгийн өсөлт 7-8 хувийн орчимд байхаар байна.

Энэ зорилтод түвшинд хүргэхэд гадаад болон дотоод орчин талаас хэд хэдэн хүчин зүйлс голлох нөлөөг үзүүлнэ. Нэгдүгээрт худалдааны тээвэр, логистикт доголдол үүсэхгүй байх. Хоёрдугаарт, улирлын шинжтэй үнэ өсдөг дотоодын хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулж, үнийн хэлбэлзлийг бууруулах. Гуравдугаарт, төсвийн зардал огцом нэмэгдэж, инфляцад үзүүлэх эрэлтийн дарамтыг нэмж өдөөхгүй байх зэрэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй.

- Мөнгөний хатуу бодлого тийм ч амархан зөөлрөх нөхцөл хараахан бүрдээгүй бололтой. Тэгэхээр тогтвортой байдалд нэн шаардлагатай бодлогын ямар арга хэмжээ хүлээгдэж байна вэ?

- Эдийн засгийн сэргэлтийг цаашид тогтворжуулж, эдийн засгийн гадаад дотоод тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэсэн төсөв, мөнгөний бодлого хэрэгжүүлэх нь чухал байна. Эдийн засгийн шокийг эрсдэл багатай даван туулах дунд, урт хугацааны тогтвортой байдалд анхаарах нь чухал байна. Үүний тулд, эдийн засгийг олон тулгууртай хөгжүүлэх, валютын ханшийн савлагааг тогтворжуулах, инфляцад шилжих нөлөөллийг бууруулах зэрэг сорилт тулгарна. Түүнчлэн хөдөлмөрийн бүтээмж, ажиллах хүчний ур чадварыг нэмэгдүүлэх явдал чухал. Энэ нь цалингийн өсөлтийн инфляцад үзүүлэх нөлөөг бууруулна.

Мөн төсвийн сахилга бат, өрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж, эдийн засгийн хэт халалт, уналтын мөчлөг дагасан бодлогоос зайлсхийх хэрэгтэй байна. Үүний хамт худалдааны нийлүүлэлтийн орчин нөхцөл маш тодорхой байх нь эдийн засгийн тогтвортой байдалд онцгой үүрэгтэй. Тухайлбал, нийлүүлэлтийн сүлжээ, дэд бүтцийг хөгжүүлэх нь бараа бүтээгдэхүүний түр зуурын хомсдолоос үүдсэн үнийн өсөлтөөс сэргийлэхэд тусална.

- Бид үнийн тогтвортой байдалд төвлөрч ярилаа. Харин үүний чухал хөшүүрэг болох банк санхүүгийн тогтвортой байдал талаас бодлогын ямар зорилтыг дэвшүүлээд байна вэ? 

- Саяхан Улсын Их Хуралд өргөн барьсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл”-д тусгасан бодлогын зорилтын чухал хэсэг бол таны сая хэлсэнчлэн банк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах, сайжруулах явдал юм. Ирэх онд анхаарлаа хандуулж буй бодлогын нэг хэсэг нь банкны салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохицуулалтын орчныг бүрдүүлэхэд юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаадын банк салбараа нээхэд үйл ажиллагааны цар хүрээ, зохицуулалт, эрх зүйн орчныг оновчтой бүрдүүлэх шаардлагатай байна.

Өөрөөр хэлбэл, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид төгрөгөөр хөрөнгө оруулалт хийх суурь нөхцөлийг бүрдүүлэн дотоодын мөнгөний захыг хөгжүүлэх зэргээр эдийн засгийн тогтвортой өсөлт хөгжлийг бодлогоор дэмжих асуудлыг тусгалаа. Энэ хүрээнд яригдах бас нэгэн асуудал бол ногоон тогтвортой санхүүжилт юм. Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө өндөртэй орнуудын нэгд тооцогддог. Манай эдийн засаг уул, уурхай, хөдөө аж ахуйн салбараас өндөр хамааралтай тул уур амьсгалын биет болон шилжих эрсдэл өндөр. Банкны салбарын тогтвортой ногоон санхүүжилтийн мэдээлэл цуглуулах тогтолцоог бэхжүүлж, уур амьсгалын эрсдэлийн шинжилгээ, стресс тестийн арга зүйг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.

- Ярилцсанд баярлалаа.

Зураг
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх