"Нүүрсний" гэх хэргийн хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол хоёр үе шаттайгаар буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-7, 18-22-ны хооронд явагдсан билээ. Тус түр хороог тухайн үеийн ХЗДХ-ийн сайд, одоогийн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахалж, нүүрсний сонсголыг зохион байгуулсан байдаг.
Тэгвэл "Эко глобал ложистик" ХХК нь УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг шүүхэд өгсөн байх бөгөөд энэ асуудалд хариу тайлбараа ЧД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан мэдээллээ ил болгоод буй.
Нүүрс, тээврийн асуудлаарх хянан шалгах түр хорооны 2023 оны 12.18-ны өдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлыг сонссон бөгөөд хяналт шалгалтын хүрээнд хамгийн олон давтамжтай буюу хамгийн их хэмжээгээр гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс тээвэрлэсэн байж болзошгүй компанийн улс төрийн хамаарлыг шинжээчид танилцуулсан юм.
Ингэхэд ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэр болох Ц.Амгалангийн хамаарал бүхий “Эко глобал ложистик”, “Шанхын хэц”, “Алтаннууц”, “Цэцийгуа”, “Дэлгэрэхцагаан овоо”, “Аранзал Алаг”, “И коммодитс монголиа интеллижент ложистик”, “Хансахиус”, “BB транс” зэрэг компаниуд нь хамгийн олон давтамжтайгаар гаалийн бүрдүүлэлтгүй нийт 1 сая тонн гаруй нүүрс тээвэрлэсэн байж болзошгүй мэдээллийг хүргэсэн байдаг.
Түүнчлэн дээр дурдагдсан "Эко глобал ложистик" ХХК-ийн хамраалыг судалсан шинжээчдийн мэдээллээс харахад Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад бүртгэлтэй тээврийн компанийн эзэмшил бүхий "Эко глобал ложистик" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн нь ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан болон Ш.Нэргүй нарын хүмүүс бүртгэлтэй аж.
Дашрамд сануулахад, Шинжээчийн танилцуулснаар, 246 тээвэрлэгч компани 52 мянган удаагийн тээвэрлэлтээр 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан талаар сонсголын үеэр шинжээчид мэдээлж байсан юм.