ОХУ-тай төлбөр тооцоо хийх банк санхүүгийн байгууллагыг манай улсад оруулж ирэх асуудлын талаар шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манай улсын гадаад бодлогод хоёр хөрш оронтой харилцах харилцаа тэргүүлэх байр суурийг эзэлдэг. ОХУ, БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ хэлэлцээртэй улс.
Ямар ч тохиолдолд уламжлалт найрсаг харилцаагаа хадгалж, хоёр хөрштэйгөө харилцаагаа хөгжүүлэх, нөгөө талаар гурав дахь хөрштэй найрсаг харилцаагаа өргөжүүлэх олон тулгуурт нээлттэй гадаад бодлогыг баримталж явдаг улс орон юм.
Бид жилд нэг сая гаруй тонн бензин шатахуун авдгийн төлбөрт олон тэрбум төгрөг төлдөг. Эргээд хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнээ экспортлоход манай талд хангалтгүй байгаа. Иймд экспортоо нэмэгдүүлэх, импортоо зохистой байлгах, гадаад худалдааны тэнцвэртэй байдлаа хангах нь манай улсын үндэсний эрх ашигтай холбоотой асуудал.
Банк санхүүгийн байгууллагатай холбоотой яригдаж буй зүйлийг хэлэхэд мөнхийн хоёр хөрш оронтой хийсэн яриа хэлэлцээр, гадаад дотоод үйл ажиллагаатай холбоотой бодлогыг гуйвуулсан, хагаралдуулах гэсэн зохион байгуулалттай ажил явж байгаа.
Банк санхүү гэдэг бол төлбөр тооцооны асуудал яригдаж байгаа. Бид бензин шатахуун, экспорт, импортын төлбөр тооцоог аль болох хэвийн хийж байгаа ч гэсэн удаашралтай байна.
Яагаад гэвэл ОХУ-ын зарим банк санхүүгийн байгууллага олон улсын хоригт орсонтой холбоотой манайхаас хийж буй бензин шатахууны төлбөр тооцоо удаашралтай хийгдэж байна.
БНХАУ-ын банкаар дамжуулж хийж буй асуудал байгаа ч гэсэн энэ нь төвөгтэй нөхцөл байдал үүсгэж байна. Бизнес, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж, ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд аль аль хөрштэйгөө худалдаагаа үргэлжлүүлнэ.
Үүнтэй холбоотойгоор банк санхүүгийн төлбөр тооцоо хийхэд нь манай Төв банк болон Засгийн газрын зүгээс анхаарч байгаа. Бид аль болох шинэ гарц гаргах, ямар нэгэн хориг саадад ороогүй банк санхүүгийн байгууллагуудын салбарыг хооронд харилцуулна.
Төрийн банкнаас бусад нь хувийнх. Хувийн банкнуудын үйл ажиллагаанд бид шууд оролцох боломж нөхцөл байхгүй. Орос, Монголын Засгийн газрын Монголын талын ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд хоёр улсын хооронд хийгдэж буй төлбөр тооцооны хүндрэл бэрхшээлийг хялбарчлах тал дээр анхаарна.
Хэрэв бид төлбөр тооцоогоо хийж чадахгүй нөхцөл байдал үүсвэл бензин шатахуунаа авах асуудал хойшилж, удааширна. Аль болох хэвийн зохион байгуулалтыг хийх тал дээр анхаарч буй асуудал юм.
Үүнийг зориуд мушгин гуйвуулах шаардлага байхгүй гэдгийг хэлье" гэв.