Авто замчдын төлөөлөл: Чулуун хашлага нь бетоноос 2-3 дахин үнэтэй ч 20-30 жилийн настай

  • 0
  • 1167
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монголын авто замчдын холбоо, Замчин залуучуудын холбооноос өнөөдөр "Бродюрын мафи" сэдвээр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Тэдний төлөөлөл сүүлийн үед нийгмийн сүлжээгээр иргэдийн бухимдлыг төрүүлж буй асуудлаар тайлбар өгсөн юм.

Энэ талаар "Сүүлийн үед хашлаганы мафийнхан зүгээр явж байсан бидний талаар буруу зөрүү мэдээлэл гаргаж буйд нь бухимдалтай байгаа. Мөрөөрөө явж байгаад улс төрчдийн тоглоом болмооргүй байна.

Бид бол мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа авто замчид. Жишээлбэл хашлаганы үнийг иргэдэд буруугаар ойлгуулдаг. Чулуун хашлагыг урдаас захиалж авчирдаг цөөн хэдэн компани бий. Өмнө нь хийсэн бетон хашлага шаардлага хангахгүй, богино настай байна.

Тодруулбал Сөүлийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Төв шуудангийн урдуур 20 жил болж байгаа чулуун хашлагатай.Өнгөрсөн хугацаанд эдгээр чулуун хашлагын нэгийг ч солиогүй. Бетон хашлагаас 2-3 дахин үнэтэй чулуун хашлагаар сольчихвол 20-30 жилийн настай ажил болно.

Замын компаниуд зураг төсөлд орсон чулуун хашлагаа урдаас авчраад хийх гэхээр улс төрчдийн тоглоомд ороод байгаа нь харамсалтай. Замчид бол улсын төсвөөр буюу татвар төлөгчдийн мөнгийг баялаг болгодог салбарт ажилладаг хүмүүс. 

Чулуун хашлагын зөвхөн хилээр орж ирж буй үнэ дунджаар 34,000 төгрөг байдаг. Гэтэл нийгмийн сүлжээнд нэг нөхөр 12,000 төгрөгийн үнэтэй байна гэж бичсэн байсан. Хаана ийм үнэтэй байгааг нь лавлаж асуух хэрэгтэй" гэв. 

Үргэлжлүүлэн "Нэг хашлагын жингээс нь хамаараад ойролцоогоор 175 юань буюу 36,000 төгрөгөөр оруулж ирсэн гаалийн баримт нь бий. Манай улсад чулуу оруулж ирэхэд хууль хэрэгждэг. Энэ хуульд зааснаар чулуун хашлага оруулж ирэхэд гаалийн татвар нь 20 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь гээд нийт 30 хувийн татвар нэмэгддэг. Ингээд нэг хашлагад ойролцоогоор 29,900 төгрөгийн татвар төлдөг гэсэн үг.

Мөн Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх тээвэр нэг машинд таван сая төгрөг байдаг. Авто машин тээврийн жинг 27 тонн гэж хязгаарладаг гэж тооцвол нэг хашлагын тээврийн зардал 25,000 төгрөг болдог. Зарим хүмүүс галт тэргээр зөөдөг гэж ярьдаг ч тэр нь бидэнд олдоггүй. Ажлаа цаг хугацаанд нь гүйцэтгэхийн тулд авто машинаар тээвэрлэдэг. Ингээд зардал нэмэгдсээр нэг хашлагын үнэ 100,000 гаруй мянган төгрөг болдог" гэсэн юм.

Түүнчлэн "Авто замыг дунджаар 10 жил болж байж шинэчлэх шаардлагатай байдаг. Нийслэлийн замын ихэнх нь даац нь хэтэрч, эвдрэлтэй байдаг. Энэ замуудыг шинэчлэхийн тулд хашлагаа заавал солих ёстой. Сүүлийн үед зам дээр элдэв бодис цацаад өмнө нь хийсэн бетонон хашлага хоёроос гурван жил болоод элэгдэж муудаж байна. Нэгэнт ингэж элэгдэж байгаа зүйлийг арчилж солихдоо чулуун хашлага хийвэл манай улсад хэрэгтэй" гэж онцоллоо. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх