В.В.Путин: Монголд орос хэлэнд дуртай, орос хэлийг сурах сонирхолтой хүн олон байгаа нь бидэнд маш чухал

  • 0
  • 608
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Манай улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Владимирович Путин өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамтаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Халх голын байлдаанд ялалт байгуулсны 85 жилийн ойг ёслол төгөлдөр хамтран тэмдэглэж байна. 1939 онд манай улс холбоотны үүргээ зүй ёсоор биелүүлсэн. Зөвлөлт, Монголын цэргүүдийн гаргасан эр зориг, дайсны эсрэг бат зогсох байдал, баатарлаг үйлсийг үргэлж хүндэтгэлтэй дурсан санадаг. Мөр зэрэгцэн тулалдсан цэргүүд дарангуйлагчийг няцаахад хатуу, шийдэмгий хариу цохилт өгөн Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалсан.

Тэдний байгуулсан гавьяаны ачаар аугаа эх орны дайны хүнд хэцүү он жилүүдэд Зөвлөлт Холбоот Улсын алс дорнодын хил хязгаарыг ч аюулгүй болгож чадсан. Монголын газар нутагт болсон цуст тулалдаанд улаан армийн 10,000 гаруй байлдагч, офицерууд амь насаа өгсөн. Зөвлөлтийн дайчдын оршуулгын газрыг харж хамгаалж, хамтын түүхийн үеийг хүндэтгэдэг Монголын найз нөхдөд талархал илэрхийлье. 

Монголд болсон байлдааны үеэр монголчуудын хүндэтгэдэг ялалтын маршал Г.К.Жуков жанжны авьяас ил болсныг тэмдэглэе. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бид хоёр гарамгай жанжны Улаанбаатар хотод буй хөшөөнд нь хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө. Ташрамд хэлэхэд өнгөрсөн долоо хоногт Чойбалсан хотод Г.К.Жуковын дахин нэг цээж баримлыг ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэмжлэгтэйгээр байрлуулсан.

Орос улсад нацизм, милиратизмтай тэмцэхэд Монголын ард түмний оруулсан хувь нэмрийг дурсан санаж, хүндэтгэж явдаг.

Аугаа эх орны дайны он жилүүдэд Монголын ард иргэдийн хандивласан хөрөнгөөр сөнөөгч онгоцны эскадриль, байлдааны алдарт замыг туулж, Берлин хүрсэн "Хувьсгалт Монгол" танкийн цувааг угсарсан билээ. Мөн Монгол Улс Зөвлөлтийн цэргүүдэд зориулж хоёр сая гаруй толгой адуу нийлүүлж, чухал тусламж болсон юм.

Ирэх онд Аугаа эх орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тавдугаар сарын 9-ний өдөр Москва хотод айлчлахыг урьсан. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид Оросын цэргүүдтэй хамт Улаан талбайд болох баярын жагсаалд оролцох асуудал ч яригдаад байгаа.

Хүнд сорилтыг давсан он жилүүдэд бэхэжсэн нөхөрлөл, сайн хөрш, харилцан туслалцааны эртний уламжлал, Орос Монголын найрсаг харилцааны хөгжлийн бат бөх түшиг тулгуур болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү харилцаа маань Улаанбаатар хотод таван жилийн өмнө байгуулсан Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээний зүйл заалтын дагуу хурдацтай хөгжин бэхжиж байгаа. 

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хийсэн яриа хэлэлцээний үеэр улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны олон асуудлыг хөндөж ярьсан. Мөн олон улсын болон бүс нутгийн нэн тулгамдаад байгаа асуудлаар санал солилцов. Үүний үр дүнд хоёр талын зарим баримт бичигт гарын үсэг зурлаа" гэв.

"Хоёр улсын арилжааны төлбөр тооцоо нь ам.доллар, еврогоос бусад валютаар хийгддэг гэдгийг онцлон тэмдэглэе"

Түүнчлэн ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хэлэхдээ "Харилцан ашигтай худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлэхэд онцгой анхаарал хандуулна. 

Орос улс нь Монголын гадаад худалдааны томоохон түншийн нэг мөн. Энэ оны долоон сарын байдлаар манай худалдааны эргэлт 21 хувиар нэмэгдэж, 1.5 тэрбум ам.долларт хүрсэн. Хоёр улсын арилжааны төлбөр тооцоо нь ам.доллар, еврогоос бусад валютаар хийгддэг гэдгийг онцлон тэмдэглэе.

Экспорт, импортын эргэлтийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэхэд Евразийн эдийн засгийн холбоотой харилцах Монгол Улсын харилцааг улам дотно хөгжүүлэх нь чухал. Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хооронд худалдааны хэлэлцээ байгуулах санаачилгыг Орос улс дэмжин ажиллаж байгаа.

Орос, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны түшиг тулгуур нь хувь нийлүүлсэн "Улаанбаатар Төмөр Зам" юм. Тус төмөр зам Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулаад 75 жил боллоо. 

"УБТЗ"-ыг хөгжүүлэх 2030 он хүртэлх урт хугацааны төлөвлөгөөний хэрэгжилт ид өрнөж байна. Тухайлбал нэмэлт хөрөнгө оруулах, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, суурь бүтцийг шинэчлэх зэрэг ажил хийгдэж байна. Ингэснээр хоёр талын болон Орос, Хятад хоорондын дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлж байна.

Манай орон Монгол Улсын эдийн засагт нэн хэрэгцээтэй эрчим хүчний бүтээгдэхүүнээр найдвартай хангаж ирсэн. Тухайлбал өнгөрсөн оны байдлаар Монгол Улсад гадаадаас оруулсан нийт бензин, дизель түлшний 90 гаруй хувь нь Орос улсаас орж ирсэн. Өсөн нэмэгдэж буй түлш, шатах тослох материалыг хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх, тэр дундаа хөнгөлөлт үзүүлэхийг хүссэн Монголын найз нөхдийг хүсэлтийг бид үргэлж ханган ажиллаж байгаа. 

"Газпром компани Монгол Улсыг байгалийн хийгээр хангахтай холбоотой практикийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн"

Байгалийн хийн салбарт хамтран ажиллахыг ирээдүйтэй гэж үзэж байна. Орос, Монгол, Хятадыг холбох 1,000 орчим километр "Союз восток" байгалийн хийн хоолойн зураг төслийн ажлыг бүрэн дуусгасан. Одоо байгаль орчинд үзүүлэх нөлөөг үнэлэх ажил үргэлжилж байна. Энд Оросын хийг Монгол Улсын нутгаар зөвхөн дамжуулан өнгөрүүлэх асуудал төдийгүй Монголын хэрэглэгчдийг ахуйн хийгээр хангах боломж ч яригдаж байгаа. 

Газпром компани Монгол Улсыг байгалийн хийгээр хангахтай холбоотой практикийн асуудлыг шийдвэрлэхэд бүхий л дэмжлэг үзүүлэхэд бэлэн.

Эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа маань нүүрс, устөрөгчийн экспортоор хязгаарлагдахгүй. Оросын компани Улаанбаатар хотын дулааны III цахилгаан станцыг шинэчлэн барих ажилд оролцоно гэж найдаж байгаа. Тухайлбал шинэ тоног төхөөрөмж суурилуулж, станцын хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлнэ. Ингэснээр Монгол Улсын нийслэл хотын оршин суугчид цахилгаан, дулааны эрчим хүчний улам найдвартай эх үүсвэртэй болно. 

Мөн цөмийн эрчим хүчийг энх тайвны зорилгоор ашиглах салбарт хамтран төсөл хэрэгжүүлэхэд нээлттэй. Эдгээр төслийг Оросын хамгийн орчин үеийн аюулгүй технологи тэр дундаа бага оврын реакторыг ашиглан хэрэгжүүлэх боломжтой. 

Манай хоёр улс соёлын өдрүүд болон хүмүүнлэгийн соёлын хамтарсан арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Жуулчдын солилцоо сүүлийн үед улам нэмэгдсэн. Монголын тамирчид Орос улсад болсон олон улсын томоохон арга хэмжээнд идэвхтэй оролцсон. 

Аравдугаар сарын 17-19-нд Москва хотод болох олон улсын чуулга уулзалтад Монголын төлөөлөгчид ирэхийг урьж байна" гэлээ.

"Монголын залуус Оросын дээд боловсролыг эзэмших сонирхолтой хэвээр байгаа"

Үргэлжлүүлэн тэрбээр боловсролын салбарын хамтын ажиллагааны тухай "Манай улс Монголын эдийн засагт хэрэгцээтэй өндөр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд уламжлалт ёсоор чухал хувь нэмэр оруулж ирсэн. Оросын их, дээд сургуулиудад 2,000 гаруй монгол оюутан суралцаж байна. Улаанбаатар хотод Г.В.Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургууль үйл ажиллагаагаа амжилттай явуулаад 25 жил болж байна. 

Монголын залуус Оросын дээд боловсролыг эзэмших сонирхолтой хэвээр байгаа. Тиймээс Орос улс Монголд зориулан хамгийн олон квот буюу 600 гаруй тэтгэлэг жил бүр өгдөг. Мөн Монголд орос хэлэнд дуртай, орос хэлийг сурах сонирхолтой хүн олон байгаа нь бидэнд маш чухал. 10 жилийн хугацаанд орос хэлийг заах систем боловсронгуй болсон бөгөөд энэ нь шинэ мэдлэг олж авах, Орос улстай харилцах, ажил хэрэг, шинжлэх ухаан, соёлын харилцааг гүнзгийрүүлэхэд тус дөхөм болно. 

Цэрэг техникийн болон терроризмтой тэмцэх чиглэлийн хамтын ажиллагааны асуудлыг хөндөж ярихад талууд энэхүү салбар дахь Орос, Монголын хамтын ажиллагаа нь Ази тивийн аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулдаг гэж санал нийлсэн. 

Олон талын асуудлын яриа хэлэлцээний үр дүнд дэлхийн болон бүс нутгийн асуудлаар Орос, Монголын тус тус баримталж буй байр суурь нь ижил төстэй байв. 

Айлчлалын хөтөлбөр үргэлжилж байгаа бөгөөд Монголын түншүүдтэй хамт хийсэн ажил, энэ өдрүүдэд хүрсэн болон хүрэх тохиролцоо нь хоёр орны олон чиглэлийн хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. 

Биднийг халуун дотноор хүлээн авч байгаа ноён У.Хүрэлсүх танд болон Монголын нийт найз нөхөд та бүхэнд баярласан талархсанаа дахин илэрхийлье" гэв.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх