АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлт нэмэгдсэнээр Азийн улсуудын валютын ханш чангараад байна.
2024 он гарсаар төгрөгийн ханш БНСУ-ын вон, канад доллар, фунт стерлинг, иен болон австрали долларын эсрэг хамгийн их өөрчлөлттэй байна. Тодруулбал: наймдугаар сарын 28-ны байдлаар төгрөг воны эсрэг оны эхнээс 4.2 хувиар, канад долларын эсрэг гурван хувиар чангараад байгаа юм.
АНУ-ын Холбооны Нөөцийн банк есдүгээр сард бодлогын хүүгээ бууруулах дохио өгснөөр сүүлийн долоо хоногт воны ханш ам.долларын эсрэг чангараад байгаа бөгөөд наймдугаар сарын 23-наар дуусгавар болсон долоо хоногт воны спот ханш 2.3 хувиар чангарчээ.
Харин энэ хугацаанд төгрөг воны эсрэг 1.6 хувиар суларсан ч ханш нь оны эхний үетэй харьцуулахад гурав гаруй хувиар өссөн хэвээр байгаа юм. Воны ханш иен болон юанийн ханшийг дагаж хөдлөх хандлагатай байдаг бөгөөд АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ бууруулах хүлээлт нэмэгдсэнээр Азийн улсуудын валютын ханш чангараад байна.
Он гарсаар төгрөг фунт стерлингийн эсрэг 2.8 хувиар буюу хамгийн өндөр дүнгээр суларсан бол австрали долларын эсрэг 1.7 хувиар чангарсан юм.
“Bank of America”-ийн шинжээчид ам.долларын ханш үргэлжлэн суларвал фунт стерлинг болон австрали долларыг худалдаж авах нь хамгийн ашигтай гэж үзэж буйгаа тодотгожээ. “Bank of America”-ийн хувьд Австралийн Төв банк “Их 10”-ын бүлгийн улсууд дундаас хамгийн сүүлд бодлогын хүүгээ бууруулна гэж үзэж байгаа юм. Харин фунт стерлинг энэ оны хамгийн сайн үзүүлэлттэй валют болсон төдийгүй цаашдаа ч өсөлтөө хадгалах төлөвтэй байна.