Монгол хэлний түвшин тогтоох "TOMFL", "ToPMON" шалгалтыг албан ёсных болгоход холбогдох арга хэмжээг авна

  • 0
  • 109
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Боловсролын сайд П.Наранбаяр Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Ардын багш Ц.Өнөрбаян, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатар, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн ахлах багш Б.Баяртуул нарыг хүлээн авч уулзан, гадаад иргэний монгол хэлний түвшинг тогтоох шалгалтыг илүү өргөжүүлэн, албажуулах талаар ярилцав.

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс "TOMFL", МУБИС-аас "ToPMON" гэсэн хоёр төрлийн шалгалтыг гадаад иргэний монгол хэлний түвшинг тогтоох хүрээнд зохион байгуулдаг. Уг хоёр шалгалтыг өгснөөр гадаад иргэд Монгол Улсын их, дээд сургуульд элсэн суралцах, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байдаг. Түүнчлэн төрийн албан хаагчид, хилийн чанадад оршин суудаг, өв хэл, соёлоо сурч, судлахыг хүсэж буй монгол иргэд ч мөн түвшин, мэдлэгээ тогтоолгож болно.

Зохион байгуулагчдын зүгээс хоёр шалгалтын аль алиных нь дүнг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрдөг болгон албажуулж, цаашид энэхүү түвшин тогтоох шалгалтуудын цар хүрээг илүү тэлэхийг хүсэж буйгаа уламжилсан юм.

Боловсролын сайд монгол хэлийг түгээн дэлгэрүүлэхэд энэхүү түвшин тогтоох шалгалт чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэж, хоёр шалгалтыг аль алийг нь албан ёсных болгоход холбогдох арга хэмжээг аван, шийдвэрлэхээр болов.

Мөн хэлний түвшинг дээд боловсрол эзэмшихэд тохирох байдлаар тогтоон журамлаж, цаашлаад энэ төрлийн олон улсын жишигт нийцсэн шалгалтыг хувийн аж ахуйн нэгж зохион байгуулах боломжийг нээх, гадаад улс дахь Элчин сайдын яамд энэ шалгалтыг зохион байгуулдаг болох, шалгалт өгснөөр олон боломж нээгддэг байх зэргээр цар хүрээг нь тэлж, монгол хэлийг түгээн дэлгэрүүлэх боломжтойг онцоллоо.

Эх сурвалж: Боловсролын Яам

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх