ХАМТАРСАН ЗГ 2024-2028 ОНД: Хүний хөгжлийн үзүүлэлтийг 10 байраар ахиулж, ядуурлын түвшинг 2 дахин бууруулна

  • 0
  • 136
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг эцэслэн баталсан. Үйл ажиллагааны хөтөлбөрт одоогийн ЗГ-т багтсан МАН, АН, ХҮН намын мөрийн хөтөлбөр дэх нийтлэг зорилтуудыг тусгасан талаар онцолж байв. Тиймээс энэ удаа хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан онцлох заалтуудыг хүргэж байна. Тухайлбал,

-Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 8,000-10,000 ам.долларт хүргэнэ-

Засгийн газрын эдийн засгийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Хэрлэн-Тооно, Орхон-Онги ус дамжуулах шугам, Нүүрс-хими, Кокс-химийн цогцолбор тэргүүтэй арван мега төсөл бий. Эдгээрийн дүнд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 8,000-10,000 ам.долларт хүргэнэ гэжээ. Мөн хүний хөгжлийн үзүүлэлтийг 10 байраар ахиулж, ядуурлын түвшинг 2 дахин бууруулна.

-Гадаадын хөрөнгө оруулалттай банк, санхүүгийн байгууллагыг байгуулна-

Эдийн засгийн бодлогын хүрээнд:

-Боомтын шинэчлэлийг эрчимжүүлж, боомтын тоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь бүрэн цахимжуулж, төмөр замын хил дамнасан холболтыг гүйцээж, нүүрсний экспортын хэмжээг жилд 100 сая тоннд хүргэнэ.

-Хувийн хэвшлийн жам ёсны бизнесийн орчныг бүрдүүлж, татварын реформ хийж, Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг баримталж, зах зээл дэх төрийн зохицуулалтыг багасгаж, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлнэ.

-Төрийн худалдан авах ажиллагааг хиймэл оюун ухааныг ашиглан зохион байгуулна.

-Гадаадын банкны салбар нэгжийг дотоодын зах зээлд нэвтрүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай банк, санхүүгийн байгууллагыг байгуулна.

-“Go Mongolia” аялал жуулчлалын хөтөлбөрийг үргэлжлүүлж, гадаад жуулчдын тоог жилд 2 саяд хүргэнэ.

-Оюутан, залуучуудын чөлөөт цагаараа ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжинэ-

Хүний хөгжлийн бодлогын хүрээнд:

-Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бэхжүүлж, Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлж, “И-Монгол” платформоор дамжуулан иргэн бүрд хуримтлалын данс нээнэ.

-Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааныг бууруулах, эрүүл мэндэд эрсдэл үүсгэж буй хүчин зүйлс, архи, тамхины хэрэглээг бууруулж, гар утсанд суурилсан стратеги (one or two way messaging)-ийн тусламжтайгаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл хооллолтыг дэмжих боловсрол олгоно.

-Иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран авах боломжийг нэмэгдүүлж, цахим эрүүл мэндийн дэвшилтэт технологи телемедицин, хиймэл оюун ухааныг эмчилгээ, оношилгоо, хяналтад нэвтрүүлнэ.

-2025 оныг “Залуучуудын жил” болгон зарлаж, оюутан, залуучуудын чөлөөт цагаараа ажил, хөдөлмөр эрхлэх, гарааны бизнес эрхлэх эрх зүйн орчныг сайжруулж, нийгмийн идэвх, оролцоог дэмжинэ.

-Ипотекийн зээлийн санхүүжилтийн 50-аас багагүй хувийг дэд төв, дагуул хот, гэр хорооллын өрхөд олгоно-

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд:

-Нийслэлийн их, бага тойруу буюу 770 га газарт төвлөрсөн төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж, “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” ган татлагат гүүрийн төсөл, Хөшигийн хөндийн туннелын төслийг хэрэгжүүлнэ.

-Хөшигийн хөндийд төр, захиргааны нэгдсэн байрыг барьж ашиглалтад оруулна.

-Хөшигийн хөндийд шилжин суурьших төрийн албан хаагчдыг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлнэ.

-Ипотекийн зээлийн санхүүжилтийн 50-аас багагүй хувийг дэд төв, дагуул хот, гэр хорооллын өрхөд олгоно.

-Толгойтоос Амгалан хүртэл Энхтайваны өргөн чөлөө дагуу 17.7 км “Их багтаамжийн нийтийн тээвэр Метро шугам-1”, Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу-Намъянжүгийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө дагуу 11.9 км урт тусгай замын автобус “BRT Шугам-1”, Яармагаас Хархорин хүртэл Туул гол дээгүүр 4.2 км урт “Дүүжин тээвэр шугам-1” бүхий олон төрөлт их багтаамжийн нийтийн тээврийн системүүдийн уялдаа холбоог хангаж, үе шаттай барьж байгуулна.

-Олон улсын чанартай 88 км “Шинэ тойрог зам”, Туулын хурдны замыг барьж, ачаа тээврийн хөдөлгөөнийг хотын гадуур тойруулна

-Автомашинаас гарах бохирдлын хэмжээг хоёр дахин бууруулна-

Ногоон - ухаалаг хот:

-Хууль бусаар олгосон газрыг нийтийн эзэмшлийн газар болгож, уг газарт ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн барьж, хотын иргэн оршин суугаа газраасаа 400 метр дотор амарч, тухлах нөхцөлийг бүрдүүлнэ

-Тээврийн хэрэгслийн насжилт, түүнээс гарах бохирдолд тавих стандартыг дээшлүүлж мөрдүүлэх, нийтийн тээвэр, явган зорчигчдод ээлтэй дэд бүтцийг бий болгон алхах, дугуй унахад аюулгүй тав, тухтай байдлыг ханган автомашины хэрэглээг бууруулж, автомашинаас гарах бохирдлын хэмжээг хоёр дахин бууруулна.

-Улаанбаатар хотын төв, хүн ам ихээр төвлөрсөн бүсүүдээр аюултай ачаа тээвэрлэхгүй байх зохицуулалтыг хийнэ.

-Тэтгэврийн хэмжээг инфляц, хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулан ЖИЛ БҮР нэмэгдүүлнэ-

Ахмад настан:

-Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа 2 хувиас доошгүй орон тоонд ахмад настныг газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлтэй ажлын байрнаас бусад ажлын байранд ажиллуулах хуулийн хэрэгжилтийг хангуулна.

-Ахмад настныг шинэ ур чадварт сургах, ажил, хөдөлмөр эрхлэх, орлогоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ.

-Ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээг хөгжүүлж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоог дэмжинэ.

-Тэтгэврийн хэмжээг инфляц, хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ.

-Хугацаат цэргийн алба хаах хугацаандаа цахимаар, зайнаас суралцах орчин нөхцөлийг бүрдүүлнэ-

Оюутан, залуучууд:

-Залуучуудын боловсролын болон мэргэжлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн үйл ажиллагаанд оролцоог дэмжих “Залуусын оролцоо хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ.

-Залуучуудад чиглэсэн спорт, соёл урлагийн арга хэмжээнд соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичгийг ашиглан оролцох боломжийг бүрдүүлнэ.

-Их, дээд сургуулийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж, Зэвсэгт хүчний анги, байгууллагад хугацаат цэргийн алба хаах хугацаандаа цахимаар, зайнаас суралцах орчин нөхцөлийг бүрдүүлнэ

-Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг нэмэгдүүлнэ-

Хөдөлмөр эрхлэлт:

-Бүс, орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн онцлогт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж инновацад суурилсан гарааны бизнесийн хөрөнгө оруулалт, санхүүжилт (венчур сан, matching хөтөлбөр)-ийн орчныг сайжруулна.

-Гадаадад ажиллаж амьдарч буй монгол иргэдийг эх орондоо эргэн суурьшихад чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж, бизнес эрхлэх, зөвлөгөө өгөх үйлчилгээг хөгжүүлнэ.

-Ядуурал, ажилгүйдэл болон хүн амын амьжиргааны түвшнийг тооцох аргачлалыг үндэсний онцлогт нийцүүлж, их өгөгдөл, хиймэл оюун ухаанд суурилан шинэчилнэ.

-Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг нэмэгдүүлнэ.

-Зайнаас, цахимаар, цагаар ажиллах хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, эрх зүйн орчныг сайжруулна.

-ЕБС-иудын хүүхдүүдэд үдийн сүү өгөх “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ-

Тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол:

-Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг их өгөгдөлд суурилан тооцоолж, шаардлагатай хүний нөөцийг бэлтгэнэ.

-Хот, суурин газрын сургууль, цэцэрлэгийн бүлэг дүүргэлтийг стандартын түвшинд хүргэх “Нэг ээлж, цөөн хүүхэдтэй анги”, “Гэрт ойр сургууль/цэцэрлэг-хамгийн сайн сургууль/цэцэрлэг” арга хэмжээг хэрэгжүүлнэ.

-Хүүхэд харах үйлчилгээний хүрээнд нялх балчир насны (2 хүртэл) хүүхдийн цогц хөгжлийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээг төр, хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх, 1-2 насны хүүхдийн яслийн үйлчилгээний хувилбарыг бий болгоно.

-Сургуулийн өмнөх боловсролыг академик мэдлэг олгоход бус хүүхдийг сургуульд бэлтгэх, зөв хүмүүжлийн хандлага төлөвшүүлэх, зөв хооллолт болон өөрийгөө арчилж чаддаг чадварт сургахад чиглэнэ.

-Ерөнхий боловсролын сургуулийн 3 дугаар ангиас эхлэн англи хэл, кодчилол, роботик болон хиймэл оюуны ур чадварыг хөгжүүлэх сургалтыг нэвтрүүлнэ. Бүх түвшинд англи хэлний сургалтын чанарыг сайжруулж, ахлах сургууль, мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын сургалтын байгууллагад зарим хичээлийг англи хэлээр заах боломжийг бүрдүүлнэ.

-Дунд, ахлах сургуулийн боловсролын агуулгыг дэлхийн ирээдүйн хөгжлийн чиг баримжаанд нийцүүлж, өндөр технологи, байгаль орчин, сансар судлалын мэдлэг, мэдээллээр баяжуулан сургалтын хөтөлбөрийг шинэчилнэ.

-Сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн үндэсний тогтолцоог бий болгоно.

-Бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын дотуур байрны хүртээмж, орчин, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүний эрхэд ээлтэй дотуур байрыг бий болгоно.

-Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийг үдийн сүүгээр хангах “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

-3 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ-

Үндэсний баялгийн сан, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцжуулалт:

-Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, орон сууцжуулалтыг эрчимжүүлнэ.

-Өрхийн төлбөрийн чадварт нийцүүлж ипотекийн хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

-Үндэсний орон сууцны корпорац байгуулж, орон сууцны ипотекийн хөтөлбөрийг үе шаттайгаар Засгийн газарт шилжүүлэх ажлыг зохион байгуулна.

-“Миний түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг өмчлөх хэлбэрийг орон сууцны төслүүдийг хэрэгжүүлнэ.

-“Хашаандаа сайхан амьдаръя” хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй амины орон сууц шинээр барих, засварлахад хөнгөлөлттэй зээл болон бусад дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

-Гэр хорооллын иргэдэд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьсан тохиолдолд 30 сая төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлнэ.

-Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж буй 3 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг эхний 3 жилд хэрэгжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

-Гадаад жуулчдын тоог жилд 2 саяд хүргэж, визний шаардлагыг хөнгөвчилнө-

Дөрвөн улирлын аялал жуулчлал:

-Аялал жуулчлалын томоохон парк, цогцолборыг бүсчилсэн хөгжлийн хүрээнд байгуулж, шашин, соёл, спорт, адал явдалт аялал зэрэг дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

-Аялал жуулчлалын бүс дэх хоршоо, нөхөрлөлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдааны сувгуудаар дэмжинэ.

-Аялал жуулчлалын гол зам дагуу амрах өртөө, түр отоглох цэг, зорин очих газруудад ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор байгуулна.

-Аялал жуулчлалын салбарын стандарт, үйлчилгээний чанар, визний шаардлагыг хөнгөвчилнө

-“Go Mongolia” арга хэмжээг үргэлжлүүлж, гадаад жуулчдын тоог жилд 2 саяд хүргэнэ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх