З.Цэвээндорж: Хувийн болон улсын сургуулиудын нийт 215 сургуулийн автобус үйлчилгээнд гарна

  • 0
  • 148
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Нийтийн тээврийн парк шинэчлэл үе шаттай хийгдэж буй. Хамгийн сүүлд л гэхэд БНХАУ-ын “Yutong Bus” компаниас Улаанбаатар хотод 600 автобус нийлүүлсэн байдаг. Тэгвэл цаашид нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд ямар ажил хийгдэх болон хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор сургуулийн автобусыг хэрхэн үйлчилгээнд гаргах асуудлаар Нийтийн тээврийн бодлогын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндоржтой ярилцлаа.

-Өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод нийт хэчнээн нийтийн тээврийн автобус үйлчилгээнд гарч байгаа вэ?

-Яг өнөөдрийн байдлаар 1078 тээврийн хэрэгсэл ажлын өдрүүдэд буюу даваагаас баасан гаргуудад, амралтын өдрүүдэд буюу бямба, ням гарагуудад 887 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч байна.

-Олон жилийн хугацаанд нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийгдээгүй байсан бол өнгөрсөн жилүүдэд хэд хэдэн автобус нийлүүлсэн байдаг шүү дээ. Цаашид парк шинэчлэлийн хүрээнд автобус нэмж авах уу. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Нийтийн тээврийн парк шинэчлэлтэд Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн удирдлагууд онцгойлон анхаарч өнгөрсөн жилүүдээс эхлэн парк шинэчлэлийг хийж байна. 2019 оноос хойш 2024 оны хооронд буюу сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 1119 тээврийн хэрэгслээр парк шинэчлэл хийсэн байна.

Харин энэ жилийн хувьд угсраа автобус авахаар төлөвлөсөн байгаа. Энэ автобусны үйлдвэрлэл эхэлчихсэн байгаа. Ирэх 10-р сард нийслэлд орж ирээд үйлчилгээнд бэлэн гарахаар төлөвлөгдсөн.

-Аль улсаас авч байгаа вэ?

-БНХАУ-ын “Yutong Bus” компаниас авч байгаа. Уг компанитай өнгөрсөн жил гэрээ байгуулж, 600 автобус авсан.

-Одоогийн байдлаар хугацаа нь дуусах дөхөж буй автобус хэр их байгаа юм бол?

-Өмнө хэлсэнчлэн 1119 автобусаар парк шинэчлэл хийсэн. Одоогоор нийт 1354 автобус үйлчилгээнд гарч байгаа. Тэгэхээр ойролцоогоор 200 орчим автобус нь насжилтаар хасагдахаар хүлээгдэж байна гэсэн үг.

Түүнээс гадна өнгөрсөн жил Монгол Улсын Авто тээврийн хуульд өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, өмнө нь 12 ба түүнээс дээш жил ашигласан нийтийн тээврийг хасдаг байсан бол одоо 10 жилээс дээш ашиглагдсан тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглосон. Энэ заалт нь 2024.10.15-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

-Үйлчилгээнд гарахгүй болсон буюу актлагдсан нийтийн тээврийн хэрэгслийг хэрхдэг юм бол. Цахим орчинд актлагдсан автобуснуудыг худалдана, борлуулна гэх зэрэг зар мэдээлэл цацагдсан байдаг шүү дээ?

-Нийтийн тээврийн хэрэгсэлд ашиглах хугацааны талаар сая хэлсэн шүү дээ. Тиймээс үйлчилгээнээс хасагдсан автобусыг тухайн иргэн худалдаж аваад хувийн хэрэглээндээ ямар зорилгоор ашиглах нь тухайн иргэний эрхийн асуудал. Тиймээс худалдан борлуулж болно. Үүнийг хориглосон ямар нэг заалт байхгүй.

-Нийтийн тээвэрт парк шинэчлэл хийгдэхийн зэрэгцээ иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, төлбөрийг 100 хувь төлүүлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа шүү дээ. Сүүлд гэхэд толгой тоолдог төхөөрөмжийг суурилуулсан. Үүний хамгийн гол ач холбогдол нь юу юм бэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг тээврийн системийг 2015 оноос эхлэн хэрэгжүүлсэн байдаг. Гэсэн хэдий ч энэ систем нь хуучрах хандлагатай болж байна. Өөрөөр хэлбэл орчин үеийнхээ хэрэгцээ шаардлагыг хангахгүй байна гэсэн үг юм. Толгой тоолох төхөөрөмж буюу зорчигч тоолох төхөөрөмж суурилуулсны гол зорилго нь,

Карт дарсан болон дараагүй иргэдийн тоог ухаалаг камерын тусламжтайгаар тооцоолно гэсэн үг юм. Үүнээс ямар үр дүн гарах вэ гэхээр,

Тухайн автобусаар хэчнээн хүн үйлчлүүлээд байна, хэд нь төлбөрөө төлж байна, хэд нь үнэгүй зорчиж байна, жолооч нар хэчнээн хэмжээний бэлэн мөнгө аваад байна гэх зэргийг тооцоолох боломжтой болж байгаа юм.

Мөн дээр нь өмнө нь иргэд нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр буюу 500 төгрөгөө зөвхөн автобусны картаар төлдөг байсан бол сүүлд нэмэгдээд зөвхөн NFC дэмждэг картаар төлөх боломжтой болсон. Харин одоо бүх төрлийн банкны карт унших боломжтой болсноор иргэдэд төлбөр төлөх илүү олон боломжийг нээж өгсөн гэсэн үг юм.

 

-Автобусны жолооч нарын цалин нэмэгдсэн үү?

-Өнгөрсөн оны 10 сарын байдлаар жолооч хомсдолтой буюу 1887 жолооч ажиллаж байсан. Дундаж цалин 1,7 сая төгрөг байсан. Үүнийг Хотын дарга Х.Нямбаатарын санаачилгаар, НИТХ-аар оруулж, төсөвт тодотгол хийж, нэг жолооч сардаа 3,5 сая төгрөгийн цалин авах боломжийг нээж өгсөн. Одоогоор нэг жолооч ажлын гүйцэтгэлээсээ хамаараад 3,5 сая төгрөгийн цалин авч байна.

-Тун удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна шүү дээ. Үүнтэй холбоотойгоор сургуулийн автобус ямар ямар чиглэгд гарах вэ?

-Сургуулийн автобус хөтөлбөр өмнө нь мөн хэрэгжиж байсан. Нийт 75 хүүхдийн автобус худалдан авч, өнгөрсөн онд дүүргүүдэд хуваарилж өгөөд 72 сургуульд 75 автобус үйлчилгээнд явж байсан. Давхардсан тоогоор 520 гаруй мянган хүүхдийг тээвэрлэсэн гэх дүн мэдээлэл бий.

Энэ жил бид тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хүүхдийн автобусаа татаж авахаар ажиллаж байна. Учир нь дүүргүүдэд мэргэжлийн байгууллагын хүмүүс байхгүйгээс шалтгаалаад жолоочийн хүрэлцээгүй, засвар үйлчилгээг цаг тухайд нь хийх боломж байдаггүй. Үүнээсээ шалтгаалаад тээврийн хэрэгслүүд эвдрэх, гэмтэх цаашлаад хүүхдүүдийг тээвэрлэх үйлчилгээ нь доголдоод байсан учир дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байна.

Ингэснээр тээвэрлэгч ААН-үүд цаг тухай бүрд нь засвар үйлчилгээгээ хийх боломжтойгоос гадна цаг хугацаандаа үйлчилгээнд гарах боломжтой болно.

-Энэ жилийн хувьд хэчнээн сургуулийн автобус үйлчилгээнд гарах вэ?

-9 дүүргийн хэмжээнд 75 автобус үйлчилгээнд гарна. Үүн дээр нэмээд хувийн хэвшлийн сургуулиудын 140 гаруй тээврийн хэрэгсэл үйлчилнэ. Өөрөөр хэлбэл нийслэлийн хэмжээнд нийт 215 гаруй сургуулийн автобус үйлчилгээ үзүүлнэ.

-Улсын сургуулиудад буюу нийслэлээс худалдан авсан 75 автобусны тоог дахин нэмэх үү. Хүртээмж муутай гэх гомдол их гардаг шүү дээ?

-Хүүхдийн сургуулийн автобусны тоог нэмж өгөөч гэх хүсэлт дүүрэг, хороо, ЕБС-иудаас их ирдэг. Цаашид ч хүүхдийн автобусыг нэмэх төлөвлөгөөтэй байгаа. Гэвч энэ жилийн хувьд хараахан төлөвлөгөөнд тусгагдаагүй байна.

-Ярилцсанд баярлалаа.

UBN.MN

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх