П.Наранбаяр: Минутын уншлагыг эргэн харж, хичээнгүй бичгийн цагийг цөөлөх хэрэгтэй

  • 0
  • 1179
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Сургуулийн Өмнөх Боловсрол (СӨБ), Ерөнхий Боловсролын Сургууль (ЕБС)-ийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах багийн ажлын нээлт өнөөдөр боллоо. 

Энэ үеэр боловсролын салбарт хийж, хэрэгжүүлэх шаардлагатай зарим өөрчлөлтийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр дараах мэдээллийг танилцуулсан юм. 

Түүний танилцуулсан мэдээллийг тоймлон хүргэе. 

 "Уншиж сурна гэдэг бол минутын уншлага хийх явдал огт биш" 

2023 онд Сурлагын Амжилтын Олон Улсын Үнэлгээ (PISA)-гийн шалгалтад орж, дүнгээ харлаа. Нэг сайн үзүүлэлт гарсан нь "Монгол сурагчид хичээлдээ ирэх дуртай" юм байна. 

Харин сул дүн авсан нь "Уншаад ойлгох" чадвар. Уншиж сурна гэдэг бол минутын уншлага хийх явдал огтхон ч биш. Тиймээс минутын уншлагыг эргэн харах цаг нь болсон. 

Бага сургуулиудад "Унших, бичиг"-ийн хичээлийг сэргээгээсэй. Уншиж, ойлгож, улмаар ойлгосноо хэрэглэж чаддаг хүүхдүүдийг бэлдэх нь чухал. 

"Бага ангийн сурагчдад алдаа гаргах эрхийг нь олгож харандаагаар бичүүлье"

Хичээнгүй бичгийн цагийг цөөлөх хэрэгтэй. Харин ч эсрэгээрээ бүтээлч хэсэгт зориулсан цаг нь нэмэгдээсэй.

Хүн том болсон хойноо янз янзын бичгийн хэвтэй бичиж байдаг. IT, компьютер технологийн ололт өдөр тутмын амьдралд нэвтэрчихсэн энэ үед хичээнгүй бичигтэй хэт олон цагаар зууралдуулах нь ямар ач холбогдолтой юм бэ? 

Хичээнгүй бичгийн заах цагийг багасгаж, илүү бүтээлч тал руу нь явуулах шаардлагатай болов уу. Үүний зэрэгцээ бага ангийн сурагчдад алдаа гаргах эрхийг нь олгож харандаагаар бичүүлье. Үзгэн балаар биш. 

Мөн ухаалаг төхөөрөмжтэй шууд харьцдаг, QR-тай сурах бичиг байх ёстой. 

Энэ бүх шинэчлэл гарвал даалгаврын ачаалал өдөрт 20 минутаас хэтрэхгүй байх гэж харж байна.

"Гадаад хэл сурахад давталт хамгийн чухал"

Гадаад хэл сурч байгаагаа мэдрэхгүйгээр сурах нь хамгийн сайн суралцах арга барил. Хамгийн чухал нь давталт. 

Бага насны хүүхдүүд ядрахгүйгээр нэг хүүхэлдэйн киногоо 20-30 удаа давтаж үздэг шүү дээ. Хүүхдийн энэ онцлогийг ашигласан сурах бичгүүд байгаасай гэж хүсэж байна.

  “Хүүхэд бүрд ухаалаг төхөөрөмж” гэх бодлогыг хэрэгжүүлэх гэж байгаа

Боловсролын яамнаас “Хүүхэд бүрд ухаалаг төхөөрөмж” гэх бодлогыг хэрэгжүүлэх гэж байгаа. Үүнтэй уялдсан сурах бичгийг боловсруулаасай гэж хүсэж байна.

1-3 дугаар ангид дэлгэцтэй ажиллах нь үр дүнтэй гэдгийг харуулаад байгаа. Түүнээс дээш насныханд товчлууртай хэрэгсэл зайлшгүй хэрэгтэйг судлаачид зөвлөж байна. 

Түүнчлэн сурах бичгийн хөтөлбөрүүд хоорондоо холбоотой байх нь зүйтэй. 

Жишээлбэл 1-5 дугаар ангийн математикийн хичээл хоорондоо холбоогүй байж болохгүй. Ингэхийн тулд сурах бичгийг нэг баг бичих нь илүү үр дүнтэй болов уу. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх