ХЭҮК-оос УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан улс төрийн намууд, нэр дэвшигч, олон нийтэд хандан зөвлөмж гаргалаа

  • 0
  • 7049
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуультай холбогдуулан Зөвлөмж гаргалаа. Тодруулбал, дэлхийн 70 гаруй улс 2024 онд ардчилсан тогтолцооны ирээдүйд тодорхойлоход онцгой ач холбогдолтой сонгуулийг зохион явуулж байна. Мөн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд байна. Энэ удаагийн сонгууль Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу сонгуулийн холимог тогтолцоо, тойргийн шинэ хувиарлалтаар зохион байгуулагдахаас гадна олон нийтийн сүлжээ, цахим технологи, хиймэл оюун ухааныг сонгуулийн сурталчилгаа, зохион байгуулалтад түгээмэл ашиглаж байгаагаараа онцлогтой. Сонгуулийн тогтолцооны шинэ тутам байдал, олон улсын болон дотоодын улс төрийн сорилт бүхий өнөөгийн нөхцөлд 2024 оны УИХ-ын сонгуулийг шударга, чөлөөтэй, ил тод, хариуцлагатай явуулах нь хүний эрх, эрх чөлөө, ардчилаллын үнэт зүйлсийг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй юм.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэнд хяналт тавих үндэсний байгууллагын хувьд дараах асуудлуудыг сонгуулийн зохион байгуулалт, үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллахыг хуулиар чиг үүрэг хүлээсэн төрийн байгууллага болон үйл явцад идэвхтэй оролцох төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, улс төрийн намууд, нэр дэвшигч, олон нийтэд анхааруулан ЗӨВЛӨЖ байна.

Нэг. Сонгуулийн ил тод байдлыг хангах

Санал гаргахаас бусад сонгуулийн үйл явц ил тод байх нь олон нийтийн төрд итгэх итгэлийг бэхжүүлэх, үл ойлголцол, зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх суурь нөхцөл тул:

1. Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн санал авах өдрөөс өмнө нягтлан шалгаж, давхардал, зөрчлийг арилгах, “түр хасав” нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн иргэний нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн шалтгаан арилсан тохиолдолд тухайн сонгогчийн бүртгэлийг сэргээн сонгох эрхийг эдлүүлэх;

2. Сонгуулийн ажиглагчид чиг үүргээ ялгаварлалгүй, зохих ёсоор хэрэгжүүлэх нөхцлийг хангах, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчийн нэрийн жагсаалт, зохион байгуулалтын талаарх мэдээллийг урьдчилан өгч, зөөврийн хайрцгаар санал хураахад ажиглалт хийх боломжийг бүрдүүлэх;

3. Санал хураах төхөөрөмжийн ажиллах горим, санал хураалтын үнэн зөв байдлыг хянах механизмийн талаарх мэдээлэл, сурталчилгааг өргөн хүрээтэй явуулах;

4. Саналын хуудсыг гар аргаар тоолох хяналтын тооллогын үйл явцыг ил тод, хараат бус, ажиглагчид хянах боломжоор хангаж, үйл явцыг шууд дамжуулалтаар олон нийтэд мэдээлэх;

5. Сонгуулийн хэсгийн хороод санал авах цаг дуусах хүртэл хууль тогтоомжид заасан зарчим, зохион байгуулалтыг ягштал баримтлан ажиллах;

Хоёр. Сонгуулийн оролцоог хангах, сонгогчийг ялгаварлах гадуурхахгүй байх

Саад бэрхшээлгүй, чөлөөтэй саналаа өгөх боломжийг сонгогч бүрт бүрдүүлэх нь төрийн үүрэг, иргэний үндсэн эрх, засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим тул:

1. Санал авах байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настанд тохиромжтой байдлаар бэлтгэх, энэ талаарх стандартыг чанд мөрдөх, санал авах байрыг барилгын хоёр болон түүнээс дээш давхарт, эсхүл подваль байршуулах, өндөр довжоотой, орц гарц хүртээмжгүй, санал авах байрны мэдээлэл, тэмдэглэгээ ойлгомжгүй байх зөрчлийг давтахгүй байх;

2. Харааны бэрхшээлтэй иргэдэд санал авах байранд чөлөөтэй зорчих, саналаа нууцаар гаргах нөхцлийг хангах, санал гаргах талаарх зааварчилгааг сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст ойлгомжтой хүргэх;

3. Саналын хуудсыг бөглөх, санал тоолох машинд уншуулах туршилт, мэдээлэл, сурталчилгааг хүртээмжтэй явуулж, саажилттай, харааны бэрхшээлтэй, өндөр настай зэрэг саналын хуудаст бүтэн тэмдэглэгээ хийх боломж хязгаарлагдмал иргэдийн санал гээгдэхгүй байх төхөөрөмжийн тохиргоог бүрдүүлэх;

Гурав. Хүсэл зориг, үзэл бодлын чөлөөт илэрхийллийг сахин хамгаалах

Сонгууль бүхэлдээ төрийн эрх барих байгууллагын төлөөллийг сонгох ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл, сонгуулийн үеэр улс төрч, намууд, Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэх, тайван жагсаал, цуглаан зохион явуулах нь ардчилсан улсад ердийн үйл явц гэдгийг хүлээн зөвшөөрч:

1. Үндэсний эв нэгдлийг бусинуулах, хүчирхийлэлд уриалаагүй, бусдын нэр төрийг гутаах зорилгоор худал мэдээлэл түгээхээс бусад хэлбэрээр улс төрч, улс төрийн нам, Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн хүнийг ялгаварлан гадуурхах, мөрдөн мөшгих, ил, далд хэлбэрээр сануулах, биеэр болон харилцаа холбооны хэрэгслээр сүрдүүлэх, дарамтлах, хүсэл зоригийг мохоох аливаа үйлдэл гаргахгүй байх;

2. Иргэн хууль ёсны үзэл бодол, итгэл үнэмшилээ илэрхийлснийхээ улмаас бусдын дарамт, халдлагад өртөхөөс хамгаалах арга хэрэгслийг идэвхижүүлэх;

3. Тайван жагсаал, цуглаанд оролцогчдыг Цагдаагийн байгууллага хамгаалах, эсрэг шаардлага бүхий цуглааныг зохицуулах туршилт, дадлага явуулж, зохицуулах хэмжээний бэлтгэл хангах;

Дөрөв. Үзэн ядалт, хүчирхийлэлд уриалсан илэрхийлэл, хүний нэр төр, эрхэм чанарыг гутаах зорилготой худал мэдээлэлтэй тэмцэх

Хоруу болон ташаа мэдээлэл нь сонгуулийн үед хүний нэр төр, аюулгүй байдалд заналхийлж, нийгмийг талцуулж, хүчирхийллийг өдөөж болзошгүй, энэ эрдслийг цахим технологи, хиймэл оюуны ухааны хөгжил, олон нийтийн сүлжээ хурдасгаж, хурцатгах боломжтой тул:

1. Улс төрч, улс төрийн хүчнүүд үзэл ядалт, хүчирхийлэлд уриалахгүй, бусдын нэр төрийг гутаах зорилготой худал мэдээлэл тараахгүй, эмэгтэй улс төрчийг хүйсийн хувьд гутаан доромжлохгүйгээр шударга, хүнлэг байх, улс төрийн ардчилсан өрсөлдөөнд бусдад хүндэтгэлтэй оролцох;

2. Хиймэл оюун ухаан, олон нийтийн сүлжээ ашиглан үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлд уриалсан илэрхийлэл, хүний нэр төр, эрхэм чанарыг гутаах зорилготой худал мэдээлэл бүхий контент бүтээхэд сонгуулийн сурталчилгаа явуулж байгаа, технологи хөгжүүлж байгаа хүн, хуулийн этгээд оролцохгүй байх, ийм мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон нийт цахим болон биет орчинд түгээхгүй байх;

3. Мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлах, бусдын нэр төрийг гутаах зорилготой худал мэдээллийг санаатай тараасан гэмт үйлдлийг таслан зогсоох, мөрдөн шалгах, мэдээллийн тархалтыг хязгаарлах чиг үүрэгтэй албан үйл ажиллагааг идэвхижүүлэх, албан бус хяналтын тогтолцоог дэмжих, албан болон албан бус хяналтын тогтолцооны хамтын ажиллагааг хөгжүүлэх;

Тав. Хүний хувийн мэдээллийг хамгаалах, кибер аюулгүй байдлыг хангах

Хүний хувийн мэдээллийг хамгаалах, кибер аюулгүй байдлыг хангах нь цахим эрин үеийн сонгуулийг шударга явуулах үндэс тул:

1. Хүний хувийн мэдээллийг хамгаалж, иргэдийн регистрийн дугаар, гэрийн хаяг, холбоо барих мэдээллийг хуулиар эрх олгогдоогүй этгээд ашиглах, боловсруулах, сонгогчдыг эд мөнгө, бусад амлалтаар татах зэрэг хууль бус үйлдэлд ашиглахгүй байх баталгааг бүрдүүлэх, зөрчлийг нэн даруй таслан зогсоох механизмыг идэвхижүүлэх, олон нийтэд сурталчлах;

2. Сонгуулийн дэд бүтцийг хамгаалах кибер аюулгүй байдлын арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, олон нийтийг мэдээллээр хангах;

Зургаа. Зөрчил, маргааныг шуурхай шийдвэрлэх

Сонгуулийн үед зөрчил, маргаан шийдвэрлэх чиг үүрэгтэй байгууллагууд шуурхай, баримтад үндэслэн шийдвэр гаргах, шийдвэрийнхээ үндэслэлийг маргалдагч талууд, олон нийтэд ил тод, ойлгомжтой тайлбарлаж ажиллах нь сонгуулиас улбаатай сөргөлдөөн, хүчирхийлэл, хурцадмал байдлаас сэргийлэх үндсэн арга тул:

1. Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн тухай гомдол, маргааныг Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, харьяаллын шатны шүүх, Цагдаагийн байгууллага шуурхай шийдвэрлэх, шийдвэрийн үндэслэлээ маргаанд оролцогч талууд, олон нийтэд ойлгомжтой тайлбарлах;

2. Жагсаал, цуглааныг хязгаарлах аливаа арга хэмжээ нь зөвхөн зайлшгүй шаардлагатай, тохирсон байх бөгөөд нийтийн дэг журмыг сахих болон үндэсний аюулгүй байдал, олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой байна. Жагсаалд оролцох эрхийг бүхэлд нь хориглох нь олон улсын хүний эрхийн хуульд нийцэхгүй бөгөөд арга хэмжээнүүд нь зайлшгүй шаардлагатай зорилгод хүрэх хамгийн бага нөлөөтэй байх зарчмыг баримтлах;

3. Төрийн байгууллагууд тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг хүндэтгэж, оролцогчдын аюулгүй байдлыг хангах, зохих хамгаалалтыг үзүүлэх үүрэгтэй бөгөөд эсрэг жагсаалуудыг хүчирхийлэлд хүргэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь сонгуулийн үйл явцад хяналт тавьж, хүний эрхийн зөрчлийг баримтжуулан дүн шинжилгээ хийж, иргэдийн гомдол, мэдээллийг холбогдох эрх бүхий байгууллага шуурхай шийдвэрлэхэд хамтран ажиллахын сацуу хүний эрх, эрх чөлөөг хөндөх аливаа үл ойлголцол, маргааныг яриа хэлэлцээр, зөвшилцлийн аргаар шийдвэрлэхэд идэвхтэй оролцох бэлэн буйгаа үүгээр илэрхийлж байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх