ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗАХИРАЛ АСАН Н.МӨНХБАТЫГ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН ҮНДЭСЛЭЛЭЭР ЯЛААС ЧӨЛӨӨЛӨВ

  • 0
  • 950
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар шаардлага тавьж буй сэтгүүлчдийн төлөөллийг хүлээн авч, уулзлаа. Энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд Хөгжлийн банктай холбоотой хэргүүдийн талаар сэтгүүлчдэд дараах мэдээллийг өгөв.

Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан холбогдсон хэрэг бүртгэлтийн 33 хэрэг, мөрдөн байцаалтын 7 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан. Мөрдөн байцаалт явуулсан долоон хэргээс хоёр хэргийг хэрэгсэхгүй болгож, хоёр хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн.  Тухайлбал:

Н.Мөнхбат нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийг шүүх хэлэлцээд Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Мөнхбатыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр ялаас чөлөөлсөн бол “НВЦ” ХХК-ийн нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хянан хэлэлцээд прокурорт буцаасан.

Одоо хэрэг бүртгэлтийн 29, мөрдөн байцаалтын 12 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын дээрх 41 хэрэгт нийт 74 аж ахуйн нэгжид  нийт 2,383,007,436,094 /хоёр их наяд гурван зуун наян гурван тэрбум/ төгрөгийн зээл олгосон болон зээлийн зарцуулалттай холбоотой үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоохоор шалгаж байгаа.

Үүнээс 12 хэрэгт Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд болох 14, зээл авсан аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтан 8, нийт 22 хүнд холбогдуулан Эрүүгийн хуульд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”,  "Хахууль авах", "Хахууль өгөх", “Мөнгө угаах” гэмт хэрэгт тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт шалгагдаж байгаа аж ахуйн нэгжид учирсан хохирлоос одоогоор 107,360,311,183 /нэг зуун долоон тэрбум гурван зуун жаран сая/ төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн байна.

Гэмт хэргийн улмаас  улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх  зорилгоор 47 аж ахуйн нэгж, 61 иргэний 664 ширхэг үл хөдлөх хөрөнгө, 763 ширхэг тээврийн хэрэгсэл,  арилжааны банкнууд дахь 104 харилцах болон хадгаламжийн данс, 25 аж ахуйн нэгжийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг тус тус прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан.

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын газар

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх