Гуравдугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилалтыг зохион байгуулна.
Газар хөдлөлт болон томоохон хэмжээний аюулт үзэгдэл, осол тохиолдоход хэрэгжүүлэх өрхийн төлөвлөгөөг гэр бүлээрээ хамтран боловсруулж гаргасан төлөвлөгөөгөө энэхүү дадлага сургуулийн үеэр туршиж тодотгох, өрх гэрийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог 3 удаа дамжуулснаар иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж дадлага сургуульд оролцоно.
Эхний дохио дуугарахад иргэн та “суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн доогуур орж бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү.
Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү.
Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү.
Хоёр дахь дохио дуугарахад анги хамт олноороо байгаа бол толгойгоо халхлан яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхаарна уу.
Гурав дахь дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, анги хамт олны мэдээллийг үнэн зөв тодорхой өгнө үү.
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд идэвхтэй оролцохыг Онцгой байдлын ерөнхий газраас уриаллаа.