“Монголын эдийн засгийн чуулган -2022”-ыг зохион байгуулах ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэхүү эдийн засгийн чуулганыг төр, хувийн хэвшил хамтран 2022 оны дөрөвдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулах юм.
2022 оны Монголын Эдийн засгийн чуулганаар Шинэ сэргэлтийн бодлогыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулах аж. Мөн нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлэхээр болжээ.
"Монголын эдийн засгийн чуулган -2022"-ын ажлын хэсгийн ахлагч Сангийн сайд Б.Жавхлан "Эдийн засгийн чуулган зохион байгуулах үйл ажиллагаандаа ороод байна. Энэ удаагийн чуулга уулзалт онцлогтой. Чуулганыг угтаж, Шинэ сэргэлтийн бодлогын зургаан зорилт тус бүрээр урьдчилсан хэлэлцүүлгээр гуравдугаар сарын 21-30-ны хооронд зохион байгуулахаар болсон. Тодруулбал,
Эрчим хүчний сэргэлт /21-нд Эрчим хүчний яам зохион байгуулна/
Төрийн бүтээмжийн сэргэлт /22-нд ХЗДХЯ-нд/
Аж үйлдвэржилтийн сэргэлт /24-нд УУХҮЯ зохион байгуулна/
Хот, хөдөөгийн сэргэлт /25-нд Нийслэл хот болон бусад яамд оролцоно/
Боомтын сэргэлт /28-нд Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, ЗТХЯ хамтран зохион байгуулна/
Ногоон хөгжлийн сэргэлт /29-30-нд БОАЖЯ зохион байгуулна/
Чуулганаас гарсан эдийн засгийн дунд болон урт хугацаанд хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд, нийгмийн өөрчлөлтөд юуг анхаарах вэ, засгийн газрын бодлого юунд төвлөрөх вэ, Украин, ОХУ хооронд болж буй бүс нутгийн зэвсэгт мөргөлдөөний асуудал манай нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлөх, нөлөөллийг эдийн засагтаа бага хэмжээгээр хэрхэн хүлээж авах вэ гэх мэт олон асуудлаар ярилцана.
Түүнчлэн Монгол эдийн засгийн хөгжлийг төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулагч нарын сонирхлыг шинэ сэргэлтийн зургаан бодлого руу татаж оруулах, ойлгуулах зорилгыг агуулсан чуулга уулзалт байх болно.
Дэд хэлэлцүүлгүүдээс гарсан зөвлөмжид тулгуурлан нэгдсэн чуулганаар нийт 15 сэдвээр салбар хуралдаануудад хэлэлцүүлэг өрнүүлнэ. Монгол Улсын эдийн засгийн түншлэлийг төр, хувийн хэвшлийн сонирхлын хүрээнд зургаан хэсэг рүү татаж оруулах уулзалт байх болно" гэв.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Гадаадын хөрөнгө оруулагч нарын оролцоотой хэлэлцүүлэг явагдана. Хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг үдээс өмнө явагдана. Мөн эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газрын тосны боловсруулах үйлдвэрийн тасралтгүй түүхий эдээр хангах, экспортыг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцүүлнэ. Хэлэлцүүлэгт өргөнөөр оролцохыг хүсье" гэв.