Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх үндэслэлээр цагдан хоригдож, шалгагдаж буй иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгчид мэдээлэл хийлээ.
Г.Баасан “Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчдийн зүгээс энэ мэдээллийг хийж байгааг онцолъё.
Тагнуулын байгууллагаас 2022 оны хоёрдугаар сарын 17-нд иргэн Ч.Мөнхбаярыг баривчлан саатуулж, маргааш нь олон нийтэд мэдээлэл хийсэн. Уг мэдээлэлд иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, мөнгөн урамшуулал авч байсан. Түүнийг үйлдэл дээр нь баривчилсан гэсэн.
Гэтэл тагнуулын байгууллагын дээрх мэдээлэл нь шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэм буруутайд тооцохгүй гэдэг хуулийн заалтыг зөрчсөн. Иргэн Ч.Мөнхбаярыг үйлдэл дээр нь барьсан гэх боловч гадаадын тагнуулын байгууллагын этгээдийг баривчлан, яллагдагчаар татаагүй, гадаадын тагнуулын байгууллагын алба гэдгийг нотлоогүй. Ийнхүү нотлогдоогүй мэдээлэл тарааж, иргэн Ч.Мөнхбаярыг сүр бадруулан баривчилж, яллана гэж заналхийлсэн. Энэ нь мөн эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Энэ хэргийн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэх юм бол гадаадын тагнуулын байгууллага мөн болохыг тогтоосон, Монгол Улсад учруулсан хохирол нь тодорхой байх ёстой. Гэтэл тагнуулын байгууллага мөн эсэх, Монгол Улсын ямар эрх ашиг хохирсон нь тодорхойгүй байна.
Иргэн Ч.Мөнхбаяр Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэх санаа зорилгогүй. Энэ нь түүний монгол бичиг соёлоо хамгаалах, Өвөрмонголчуудын зөрчигдсөн эрхийг хамгаалах, элэг нэгт монгол үндэснийхээ эрх ашгийг дээдэлсэн үзэл санааны төлөө дуу хоолойгоо өргөсөөр байдгаас илэрхий харагдана.
Тагнуулын байгууллагаас “Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, тэдний үүрэг даалгаврыг биелүүлж, мөнгөн урамшуулал тогтмол авч байсан” гэсэн. Тэгтэл Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллага гэдгийг огт мэдээгүй. Харин тагнуулын байгууллага мэдэж байсан. Тэгвэл тагнуулын байгууллага өөрийн чиг үүрэгт байдаг урьдчилан сэргийлэх үүргээ яагаад биелүүлсэнгүй вэ.
Тагнуулын байгууллага иргэн Ч.Мөнхбаярыг гэмт хэрэгтэн болгох гэж сэтгүүл зүйтэй хамтарч байна. ТЕГ-аас гадаадын тагнуулын байгууллагыг зарлаагүй хэр нь зарим мэдээллийн сайтаар уг мэдээллийг цацсан. Тагнуулын байгууллага хэвлэлүүдээр нууц мэдээллээ цацуулж, сэтгүүлчдээр дамжуулан Ч.Мөнхбаярын алдар хүндэд халдаж байна.
Жишээ нь, жолооч хүн гаднын тагнуулын байгууллагын ажилтан гэдгийг нь мэдэлгүйгээр орчуулагчаар дамжуулан тохиролцоод хэд хэдэн удаа машинаар үйлчилж, хөлсөө авсан. Гэтэл гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, урамшуулал авсан гэдэг үндэслэлээр буруудах хууль Монгол Улсад үйлчилж байна.
Хэрэв Ч.Мөнхбаяр гаднын тагнуулын байгууллагын ажилтан гэдгийг мэдсэн бол түүнийг хамтарч ажилласан гэж үзэх боломжтой. Харин огт мэдээгүй хүнийг энэ үндэслэлээр яллавал буруу жишиг тогтоно.
Тиймээс бид төрийн гурван өндөрлөг болон тагнуулын байгууллагад хандаж байна.
Ч.Мөнхбаяр орос хэлтэй. Харин тагнуулын байгууллагаас мэдээлсэн гадаадын тагнуул гээд байгаа хүн нь англи хэлтэй. Дундаа орчуулагчтай байсан. Үүнээс илүү мэдээлэл өгөхгүй.
Түүний гэрээс хураасан мөнгө, цахимд дэлгэсэн мөнгөний хооронд том зөрүү бий. Тийм их хэмжээний мөнгө байгаагүй" гэв.