Туул голд их хэмжээний загас жараахай үхсэн байна. Намар гол хөлдөх үед голын салаа руу орсон загас жараахай эх гол руугаа орж амжилгүй хөлдсөн байх магадлалтай гэж Туул голын сав газрын захиргаанаас тайлбарлаж байна. Голын мөс хайлж, том жижиг цооног үүссэнээр үхсэн загас гадарга дээр гарч ирсэн гэх тайлбарыг ч албаныхан өгч байна.
Сонсголонгийн гүүрнээс доош 1.5 км орчим зайд голын гадарга дээр олон тооны загас жараахай үхсэн байна. Голын мөс хайлж том жижиг хэд хэдэн цооног бий болж түүнд нь үхсэн болон амьд загас жараахай хоригджээ. Үүнийг мэргэжлийн байгууллагаас усны түвшин багасч урсгалгүй болсноос загас жараахай хүчилтөрөгчийн дутагдалд орж үхсэн гэж тайлбарлалаа. Энэ байдал саяхнаас үүссэн бус өнгөрсөн намар голын салаа хөлдөж загас жараахай үхэж, урин цаг ирж, голын мөс хайлахтай зэрэгцэн гадарга дээр гарч ирсэн гэж байгаль хамгаалагч тайлбарлаж байна.
Эдгээр загас жараахайгаар усны шувууд ирвэл хооллодог байна. Харин амьд үлдсэн хэсгийг нь голын мөсийг сэтэлж, эх гол руу нь оруулах арга хэмжээ авна гэж НБОГ-ын байгаль хамгаалагч тайлбарлалаа.
Жил бүр Туул голд ийм нөхцөл байдал бий болдог байна. Өнгөрсөн жил Маршалын гүүрний орчимд мөн л олон тооны загас жараахай үхэж, өмхийрсөн байжээ. Энэ бол голын усны урсац багассан, олон салаа болж тасарсан зэрэгтэй холбон тайлбарлаж байна.
Эцэст нь хүний буруутай үйл ажиллагаа, голын усанд хог хаягдал хийдэг, элдэв химийн найрлагатай усаа нийлүүлдэг зэргээс голын ус татарч эргээд загас жараахайн амьдрах нөхцлийг үгүй хийж байгааг салбарын мэргэжилтнүүд хэлж байна.