В.Путин ОХУ-ын экспорт, импортыг зохицуулах зарлиг гаргасантай холбоотойгоор сошиалд иргэд нэгэндээ ийнхүү анхааруулж эхэллээ

  • 0
  • 142
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Засгийн газрынхаа тодорхойлсон жагсаалтын дагуу Оросоос түүхий эд, бүтээгдэхүүн гаргах, мөн оруулахыг хориглох зарлиг гаргасан тухай мэдээлэл өнөөдрийн олны анхаарлыг татсан гадаад мэдээлэл болж байна. Уг мэдээлэлтэй холбоотойгоор зарим хүмүүс цахим хуудсандаа дараах байдлаар байр сууриа илэрхийлж, иргэдэд сэрэмжлүүлж эхэллээ. 

Твиттер хуудсанд Дэлгэрсайхан нэртэй хэрэглэгч "Суларсан рубль, элдэв юм авчирна гэж хойшоо явж шатав. Оросын хилээр гаргах гаргахгүй зүйлс гээд хязгаарлалтууд хийгээд эхлэсэн байна. Худалдаж аваад ачуулсан байхад л зогсооно, бараг худлаа шүү" хэмээн бусаддаа анхааруулсан байна. 

Түүний энэхүү жиргээг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл пэйж хуудсандаа хуваалцан ийнхүү байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр "Украйн - Оросын дайнаас болж ОХУ олон улсын зүгээс эдийн засгийн хоригт ороод байгааг та бүхэн мэдэж байгаа байхаа. Оросоос бараа бүтээгдхүүн импортолдог хүмүүс байвал анхаараарай гэсэн үүднээс мэдээлэл оруулав. Мөн рубль чөлөөтэй хөрвөдөг валют байхаа больж байна" гэжээ. 

“ОХУ-ын аюулгүй байдлыг хангах зорилгоор гадаад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт эдийн засгийн тусгай арга хэмжээ авах тухай” зарлигт В.Путин гарын үсэг зурсан тухай INTERFAX мэдээллээ. Эрх зүйн мэдээллийн албан ёсны порталд нийтлэгдсэн зарлигт тэмдэглэснээр, ОХУ-ын Засгийн газраас тодорхойлсон жагсаалтын дагуу Оросоос түүхий эд, бүтээгдэхүүн гаргах, мөн оруулахыг хоригложээ.

Харин ОХУ-ын иргэд, гадаадын иргэд, иргэншилгүй иргэдэд хувьдаа ашиглах зорилгоор бараа, түүхий эд Орос руу импортлох, Оросоос экспортлохыг хүлээн зөвшөөрнө гэж заасан аж.

Мөн улс дотроо эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах үйл явцыг хялбаршуулж, эмийн бүртгэлийн онцгой журам нэвтрүүлж байна. Засгийн газарт эмийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн шаардлагыг шуурхай өөрчлөх эрх олгож, зарим төрлийн эм бэлдмэлийг ОХУ-аас экспортлоход хязгаарлалт тавина.

Оны сүүлч хүртэл Нийгмийн даатгалын санд нөхөн сэргээх техникийн хэрэгсэл (тэр дундаа протез, тэргэнцэр зэрэг)-ийг цорын ганц нийлүүлэгчээс худалдан авахыг зөвшөөрнө.

ОХУ-ын Засгийн газар хоёр хоногийн дотор дээрх арга хэмжээг ашиглах гадаадын орнуудын жагсаалтыг тодорхойлох юм байна. 

Уг зарлиг нь хоёрдугаар сарын 28-нд батлагдсан “АНУ болон тэдгээрт нэгдсэн гадаадын улс орнууд, олон улсын байгууллагуудын найрсаг бус үйл ажиллагаатай холбогдуулан эдийн засгийн тусгай арга хэмжээ авах тухай”, гуравдугаар сарын 1-нд батлагдсан “ОХУ-ын санхүүгийн тогтвортой байдлыг хангах эдийн засгийш шинжтэй түр, нэмэлт арга хэмжээний тухай” зарлигуудад авсан нэмэлт арга хэмжээ аж.

Б.Ирээдүй

 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх