"Нийгмийн ардчилал- Монголын эмэгтэйчүүдийн холбоо"-ноос "Эмэгтэйчүүдийн амьдралын чанар-2021" судалгааны тайланг танилцуулж байна.
НАМЭХ-ны Улс төрийн бодлого, эмэгтэйчүүдийн манлайлал хариуцсан дэд ерөнхийлөгч М.Оюунчимэг "Энэ судалгаа эмэгтэйчүүдэд хуримтлал хэрэгтэйг харууллаа. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд санхүүгийн чадавхтай, өөртөө итгэлтэй байвал шийдвэр гаргах түвшинд хүргэх дуу хоолой хүчтэй байж чадна гэдэг нь энэ судалгаанаас харагдаж байгаа юм.
Эмэгтэйчүүдийн нуруун дээр байгаа маш олон үүргийг бууруулахын тулд "нэргүй" ажлуудыг цалинтай болгох 0-2 настай хүүхэдтэй ээжид цалинтай чөлөө олгодог. Тэгвэл эцэгт ч мөн цалинтай чөлөө олгодог байх асуудлыг Хөдөлмөрийн хуульд тусгахаар ажиллаж байгаа" гэв.
НАМЭХ-ны эдийн засаг, санхүү хариуцсан дэд ерөнхийлөгч Ч.Ундрам "Судалгаанд оролцсон эмэгтэйчүүд манлайлах, нөлөөлөх, компьютер болон цахим технологи ашиглах чадвар маш муу байна гэж өөрсдийгөө үнэлсэн байна. Энэ бол Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргээс түүврийн аргаар санамсаргүйгээр авсан судалгаа. Эмэгтэйчүүдийн олонх нь нийгмийн чиглэлийн хичээл сонгон суралцаж, тэр чиглэлийн мэргэжлээр ажиллаж байна. Гэтэл дэлхийн чиг хандлага IT, технологи руу чиглэж эхэллээ" гэж ярилаа.
Дэд ерөнхийлөгч Л.Амгалан "Эмэгтэйчүүдийн санхүүгийн асуудал маш чухал. Тэд гэр бүлдээ, төрд ч санхүүгийн хараат байдаг. Санхүүгийн эрх чөлөө маш хязгаарлагдмал. Судалгаанд оролцсон гурван эмэгтэй тутмын нэг нь үндсэн цалингийн орлоготой, 10 эмэгтэй тутмын нэг нь үндсэн цалингийн хажуугаар хувиараа бизнес эрхэлж, өрхийн орлогоо бүрдүүлж байна. Энэ орлогынхоо 81.5 хувийг ихэвчлэн байрны түрээс, ипотекийн зээл, байр ашиглалтын зардал, хоол хүнсний хэрэгцээнд зарцуулж байна.
Судалгаанд оролцсон 5 эмэгтэй тутмын нэг нь ипотекийн зээлтэй байна. Зургаан эмэгтэй тутмын нэг нь түрээсийн байранд амьдарч байна. Байр хэний өмчлөлд байна вэ гэхээр 25.3 хувь нь эхнэр, 77.7 хувь нь нөхрийн өмчлөлд байна. Тэгэхээр эмэгтэйчүүдэд эд хөрөнгө эзэмших эрх хязгаарлагдмал байна гэсэн үг" гэлээ.
Дэд ерөнхийлөгч Б.Сэмжидаа "Судалгаанаас харахад эмэгтэйчүүд гэр бүл, үр хүүхэд, ээж аавтайгаа ихэнх цагийг өнгөрүүлдэг байхад эрчүүд эсрэгээрээ найз нөхөд, хамт олон, ангийн уулзалтад цагаа зарцуулдаг юм байна.
Судалгаанд оролцсон эмэгтэйчүүд өдрийн 24 цагийн 139 минутыг гэр бүлдээ, 90 минутыг үр хүүхдэдээ зарцуулдаг бол өөртөө 33 минутыг л зарцуулдаг гэж хариулжээ. Бусад цагийг гэр бүл, үр хүүхэд, хань ижилдээ зориулдаг гэсэн үг" гэв.