Барьцаалан зээлдүүлэх газрууд хоног тутам алданги тооцдоггүй болно

  • 0
  • 126
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сард Улсын Их Хуралд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэ төөсл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ.

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, М.Оюунчимэг, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн нар ажиллаж байна.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.03.01) зохион байгууллаа.

Манай улсад өнөөдрийн байдлаар 1000 орчим барьцаалан зээлдүүлэх газар үйл ажиллагаа явуулдаг. Гэвч татвар төлдөг нь тун цөөн. 2020 оны хоёрдугаар сарын байдлаар 294 татвар төлөгчийн 33.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогоос 2.5 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны сайтаас үзвэл барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг нэг аж ахуйн нэгж 3-10 орчим өөр төрлийн үйл ажиллагааг давхар эрхлэхээр бүртгүүлжээ.

Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанаас гадна амралтын газар, барилга, барилгын материал, газар тариалан, фермер, зуучлал, цайны газар, зочид буудал, дэлгүүр, автомашины худалдаа, сургалт, үсчин, гоо сайхан, спиртийн үйлдвэрлэл давхар эрхлэх нь түгээмэл байна.

Имйд дээрх 294 аж ахуйн нэгжийн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанаас олсон орлого, түүнд төлсөн татварыг тодорхойлох боломжгүй.

Олон улсад нийтлэг байдлаар хувь хүн, хуулийн этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхлэх боломжтой. Харин манай улсад хувь хүмүүс хооронд, эсхүл банк санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүд мөнгөн зээлийн үйл ажиллагааг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж болон барьцаагүйгээр эрхэлдэг. Иргэний хуулиар үүнийг хориглоогүй боловч зарим сөрөг үр дагаврыг бий болгосоор байгаа юм.


Цагдаагийн ерөнхий газрын мэдээллээр 2020 оны наймдугаар сарын 03-ны байдлаар зээлийн гэрээнээс үүдэлтэй залилангийн хэргийн тоо 2010 2020 оны эхний долоон сард 1700 орчим болж өсжээ. 2014 оноос энэ төрлийн гэмт хэргийн тоо огцом өсөж, жилд дунджаар 300 орчим гэрээнээс үүдэлтэй залилан гардгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Д.Цолмон дурдав.

Бусад улсуудын жишигт барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа, иргэд хоорондын мөнгөн зээлийн үйл ажиллагааг бие даасан хуулиар зохицуулдаг. Тухайлбал, Малайз, Сингапур, Ирланд, Канадад дээрх хоёр үйл ажиллагааг ялгамжтай байдлаар хуульчилжээ. Харин Гүрж, Намибиа, Ямайкт “бага хэмжээний зээл” гэснийг тодорхойлон, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн олгох зээлийн хэмжээг тогтоожээ.

Ашиг олох зорилгогүй иргэд хоорондын зээлийн гэрээний харилцааг ашиг олох зорилготой, байнга, тасралтгүй зээлийн үйл ажиллагаа явуулдаг этгээдээс ялгажээ.

Солонгост зээлдэгч нь хувь хүн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч байхаар зохицуулжээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг ашиг олох зорилгогүй иргэд хоорондын зээлийн гэрээний харилцааг ашиг олох зорилготой, байнга, тасралтгүй зээлийн үйл ажиллагаа явуулдаг этгээдээс ялгажээ.

Мөн тус бүрд үйлчлэх нөхцөлийг тодорхойлсноор дураараа зээлийн хүүгийн хэмжээ тогтоож, мөнгө хүүлдэг хувь хүмүүс, барьцаалан зээлдүүлэх газрууд харьяа орон нутгийн эрх бүхий байгууллага, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлнэ. Зөвшөөрөл аваагүй бол зээлийн үйл ажиллагааг ашгийн төлөө, байнга явуулж, хүү авах боломжгүй байх, харин иргэд хоорондын ашиг олох зорилгогүй, нэг удаагийн шинжтэй зээлийн гэрээнд хүү тохиролцож болох зарчмыг ялгавартайгаар зохицуулна.

Хуулийн төсөл нийт 8 бүлэгтэй бөгөөд хуулийн үйлчлэх хүрээг банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцаа болон хуульд өөрөөр заагаагүй бол иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаанд үйлчлэхгүй байхаар тусгажээ.

Уг төсөлд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд тодорхой шаардлага тавьж, бүртгэл, хяналттай болгох зохицуулалтыг тусгасан. Тодруулбал, нэгдсэн бүртгэлд бүртгүүлэлгүйгээр зээлийн үйл ажиллагааг ашгийн төлөө, байнга явуулбал хүү авах эрхээ алдаж, зөрчлийн хэргийн хариуцлага хүлээнэ.

Ингэснээр Иргэний хуульд заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдэд тооцогдон хоног тутам алданги тооцохгүй байх, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тооцох боломжтой байдлаар хуулийн төсөлд тусгасан байна. Мөн өдрийн зээл буюу хүүг урьдчилан авахыг хориглохыг тусгажээ.

Төсөл батлагдсанаар бичил санхүүгийн хэрэглэгч буюу зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн мөнгөний эргэлт нь тодорхой болж, улсын төсөвт төлөх татвараа шударгаар төлдөг болно.

Бүртгэлгүйгээр ашгийн төлөө, байнга зээл олгох үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, хуулийн этгээдэд хариуцлага тооцож, хүү авах эрхгүй болсноор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх салбар мэргэжлийн, хариуцлагатай болно. Бүртгэлгүй иргэд татвар төлөхгүйгээр, дур зоргоороо хүү, алданги тогтоон ашиг олох үйл ажиллагаа хумигдана гэж төслийн танилцуулгад дурджээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид барьцааны хөрөнгийг үнэлэх зах зээлийн үнэлгээг хэрхэн тооцох, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн зөвшөөрлийг хугацааг тогтоох, нэмэгдүүлсэн хүүг тооцох аргачлалын талаар ярилцаж, саналаа солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх