Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн 2022 оны 1 дүгээр улирлын ээлжит бус хурал энэ оны 2 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан байна. Хуралдааныг Сангийн сайд Б.Жавхлан даргалж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон холбогдох мэргэжилтнүүд оролцсон байна.
Тус хуралдаанаар “Орос, Украйны цэргийн ажиллагааны манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөө”-ний талаар Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Макро эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганбаяр, “Монгол Улсын эдийн засгийн төлөв, зарим арга хэмжээний санал”-ыг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, “Дэлхийн бусад улсуудаас ОХУ-ын эсрэг авсан төлбөр тооцооны хориг арга хэмжээнүүд”-ийн талаар Монголбанкны Төлбөрийн тооцооны газрын захирал Э.Анар нар тус тус танилцуулжээ. Цаашид авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээнүүдийн талаар зөвлөлийн гишүүд хэлэлцэж, холбогдох мэдээллүүдийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс эдийн засгийн төлөв, гадаад орчинд үүсэж буй эрсдэлтэй уялдуулан макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх хүрээнд холбогдох бодлого, үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулахаар тогтсон талаар Сангийн яамнаас мэдээллээ.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс зөвлөмж боловсруулахаар болжээ