Украйны Харьков хотод байгаа 23 Монгол иргэнийг татан авах ажлыг зохион байгуулж байгаа талаар Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр мэдэгдлээ.
Тэрбээр "Нөхцөл байдал хүнд хэвээр байгаа учир монгол оюутнууд бүгд хоргодох байранд байна. Харьков руу орох, гарах хөдөлгөөн бүрэн хаагдсан. Олон улсын тусламжийг оруулахгүй байгаа. Үлдэж байгаа хүүхдүүдийн амь нас, эрүүл мэнд чухал. ГХЯ болон Унгар, Чехээс тус бүр хоёр ажилтан ажиллаж байна. Иргэдийг ОХУ руу гаргах боломж бүрдвэл бэлэн байдлыг хангах үүднээс Москва дахь ЭСЯ-ны дөрвөн ажилтан автобустай ОХУ-ын хил дээр ирээд ажиллаж байна" гэлээ.
Яамнаас өгч байгаа мэдээллээр Харьков хотод 18 -н оюутан. Нэг Монгол иргэн, түүний Украин эхнэр, хоёр хүүхэд нь, мөн Украины иргэншилтэй нэг Монгол охин байгаа аж.
Хоёрдугаар сарын 24-нөөс хойш 24 иргэнийг аюулгүй бүсэд оруулсан. Үүнээс гурван иргэн өчигдөр Монголд ирсэн. Эдгээр иргэнээс 13 нь гуравдугаар сарын 3-нд Монголд ирнэ. Украин Польш улсын хил дээр найман иргэн ирсэн бөгөөд Элчин сайдын яамны ажилтнууд хилийн зурвас руу орж авахаар ажиллаж байна гэв.
Монгол Улсаас Украин Улсад суугаа Өргөмжит консул ноён Эдуард Рубанд талархах ёстой. Маш их тус дэм болж ажиллаж байна. Киевээс гурван оюутныг өөрийнхөө гэр бүлийнхэнтэй хамт хил дээр хүргэж өгсөн. Иргэдийн дунд цахимаар явж байгаа хувилбаруудыг нэг бүрчлэн судалж эцэслэж байгаа хэмээв.