"ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн эмнэлгээр үйлчлүүлэхдээ хөнгөлөлт эдлээгүй тохиолдолд буцаан олголт авна"

  • 0
  • 181
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өнөөдрийн байдлаар улсын болон хувийн хэвшлийн 2,528 эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулжээ. Үүнээс төрийн өмчийн 72, хувийн хэвшлийн 190, рашаан сувилал 43, эмийн сан 1,700, өрх, сум, тосгоны 523 эрүүл мэндийн байгууллага байна. 

Иргэн-даатгуулагчид эрүүл мэндийн 16 төрлийн тусламж, үйлчилгээг төрийн өмчийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдээс гадна хувийн хэвшлийн гэрээт эмнэлгүүдээс авч, даатгалын хөнгөлөлт эдлэх боломжтой болсон. Ингэхдээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан ЭМБ-аас тусламж, үйлчилгээг авахдаа ЭМД-ын сангаас төлбөрийн хөнгөлөлт эдэлдэг.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг өөрөөс гаргасан тохиолдолд эрүүл мэндийн даатгалын тухайн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-д заасны дагуу тухай Эрүүл мэндийн байгууллагад үйлчлүүлсэн төлбөрийн баримтыг хавсарган өргөдөл гарган тусламж, үйлчилгээний зардлыг 30 хоногт буцаан авах боломжтой.

Харин тухайн байгууллага буцаан олголтыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт өргөдөл гаргах боломжтой тухай ЭМДЕГ-аас мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар ЭМДЕГ-т буцаан олголттой холбоотой асуудлаар өргөдөл гаргасан 11 иргэн-даатгуулагчийн асуудлыг шийдвэрлэн даатгуулагчдын өөрөөс гаргасан эмчилгээний нийт зардал болох 7,896,342 төгрөгийг тухайн гэрээт ЭМБ-аар буцаан олгуулжээ.

Түүнчлэн ЭМДЕГ-аас  эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулсан боловч иргэн-даатгуулагчдаас тусламж, үйлчилгээний зардлыг гаргуулсан, гэрээг хэрэгжүүлэн ажиллаагүй зөрчлүүдийг гаргасан эрүүл мэндийн байгууллагуудад газар дээр нь  хяналт, шалгалтын ажлыг явуулж байгаа аж.

Гэрээт байгууллагуудын зөрчлөөс хамааран гэрээг түр хугацаанд түдгэлзүүлэх, санхүүжилтийг хасах улмаар цуцлах хүртэлх арга хэмжээг авах юм байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх