Богдхан төмөр замын суурь бүтцийн зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олголоо

  • 0
  • 120
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Үндэсний дөрвөн хороо байгууллаа
 
Засгийн газрын хуралдаанаар Үндэсний дөрвөн хороо байгуулж, бүрэлдэхүүнийг нь баталлаа. Үүнд:
-Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний хороо
-Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо
-Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо
-Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх, хуримтлалын нэгдсэн сан, Үндэсний баялгийн сан бүрдүүлэх, дундаж давхаргыг тэлэх үндэсний хороо
Эдгээр хороог Монгол Улсын Ерөнхий сайд ахлах бөгөөд бүрэлдэхүүнд нь Засгийн газрын холбогдох гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл багтжээ.
 
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа
 
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын зориулалтаар 509.1 га, мөн дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Иргэний нисэхийн ерөнхий газрын контор, аж ахуйн зориулалтаар 2.01 га газрыг тус тус улсын тусгай хэрэгцээнд авлаа.
Нисэх буудал, арилжааны нислэгийн үйл ажиллагаа “Чингис хаан” олон улсын нисэх буудалд шилжсэн хэдий ч цаг үеийн шаардлагаар дамжин өнгөрөх нислэг, олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалтын нисэх, иргэний болон улсын агаарын хөлгөөр гүйцэтгэх онцгой, тусгай үүргийн нислэг, иргэний нисэхийн сургалт үйлдвэрлэл, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, хурал зөвлөгөөн,  үзэсгэлэн зохион байгуулах зорилгоор ашиглах боломжтой. Мөн иргэний болон улсын агаарын хөлгийн онцгой байдал, гамшгаас хамгаалах, онцгой, тусгай үүргийн нислэг, энхийг сахиулах ажиллагааны нисэх онгоц хүлээн авах боломжтой хэвээр байна.    
 
Төрийн үйлчилгээний “e-Mongolia” системийн шинэчлэлийн талаар танилцуулав
 
Төрийн үйлчилгээний “e-Mongolia” системийн шинэчлэл, “И-Монгол академи” сургалт, судалгааны төв байгуулах, Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах төвийн үйл ажиллагааг сайжруулах талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулав.
“И-Монгол академи” сургалт, судалгааны төв нь цахим засаглал, дижитал шилжилтийн талаарх нэгдсэн бодлого гаргах, бусад байгууллагуудад зөвлөгөө өгнө, сургалт зохион байгуулна. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бодлогын судалгаа, техник эдийн засгийн урьдчилсан судалгаа, үндэслэлийг боловсруулах юм байна.
 
“e-Mongolia” систем 1,9 сая хэрэглэгчтэй, 3,3 сая үйлчилгээ үзүүлсэн, тус системд төрийн 56 байгууллагын 539 үйлчилгээ оржээ. Хатуу хөл хорионы үед иргэд, аж ахуйн нэгжүүд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах нь зургаа дахин нэмэгдсэн байна. Нийт 1,2 сая иргэнд вакцины гэрчилгээ олгожээ. Иргэд төрийн үйлчилгээг авснаар төрийн байгууллага руу ирж очих зардал, шаардагдах баримт бичиг бүрдүүлэх зардал, үйлчилгээ авахдаа зарцуулж буй хугацааны зардал зэрэгт 27 тэрбум төгрөг хэмнэсэн гэсэн судалгаа хийжээ.
 
Иргэд, олон нийттэй харилцах 11 11 төв нь тусгай дугаар бүхий төрийн байгууллагууд болон бусад дуудлагын төвүүдтэй нэгдсэн уялдаа холбоогүй ажиллаж, хүний нөөцийн хүрэлцээгүйгээс иргэдийн дуудлага алдах, өргөдөл гомдлыг хуулийн хугацаанд багтаан шийдвэрлэхгүй орхигдуулах, эргэн хариу өгөхгүй байх, нэгдсэн байдлаар Засгийн газрын хэмжээнд иргэдийн санал хүсэлтийн шийдвэрлэлтийн байдлыг нэгтгэж хянаж чадахгүй зэрэг асуудал гарч байна.
Иймд тус төвийн үйл ажиллааг өргөжүүлэн, бүтэц орон тоо болон дуудлага хүлээн авах системд өөрчлөлт хийх, шийдвэрлэлтийн байдалд хяналт тавих, эргэн мэдээлэл үүрэг бүхий нэгж бий болгож, тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа олон газрын дуудлагын төвийн систем болон мэдээллийг Иргэд, олон нийттэй харилцах 11 11 төвтэй холбож, иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн бүртгэл, хуваарилалт, шийдвэрлэлтийн эргэх холбоо бүхий хяналтын нэгдсэн тогтолцоо бий болгох шаардлагатай гэж үзэж байна.
 
Ажлын байрыг дэмжих зээлд 23.754 зээлдэгч хамрагдаад байна
 
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцууллаа. Энэ хүрээнд ажлын байрыг дэмжих, ипотек, репо санхүүжилт, хөдөө аж ахуйг дэмжих дөрвөн төрлийн зээл олгож буй.  
Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртэлх зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байна. 2021 оны наймдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 6,324.3 тэрбум төгрөгийн 62.0 мянган зээлийн хүсэлт ирүүлснээс 1,794.4 тэрбум төгрөгийг 23,754 зээлдэгчид олгоод байна.
 
Сайжруулсан шахмал түлшний түүхий эд болон барьцалдуулагчийн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов
 
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж,  тус компанийн санхүүжилт болон үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой зарим асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр болсон. Өнөөдрийн хуралдаанаар “Таван толгой түлш” ХХК-ийн  сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд дараах арга хэмжээг ажиллахыг Засгийн газрын гишүүд, албан тушаалтнуудад даалгав.
 
Сайжруулсан шахмал түлшний түүхий эд /мидлинг/ болон барьцалдуулагчийн нөөц бүрдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулах, үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг БНХАУ-ын Эрээн хотоос татан авах, түүхий эдийн авто тээвэрлэлтийн хэвийн үйл ажиллагааг хангах зохион байгуулалтын арга хэмжээ авна.
Нийслэлийн зургаан дүүргийн нийт есөн агуулахад 11,663 тн, баруун бүсийн үйлдвэрийн хашаанд 2413 тн буюу нийт 14,005 тн түлшний нөөцтэй байна.   
 
Богдхан төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олголоо
 
Богдхан төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олголоо. Суурь бүтцийн технологийн иж бүрдэл болох инженерийн дэд бүтэц, эрчим хүч, усан хангамж, өртөө, зөрлөгийн болон дохиолол холбоо, мэдээллийн барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулж, баталгаажуулах, тэдгээрийг барихад шаардлагатай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тухай бүр шуурхай олгож байхыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Богдхан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон. Тус төмөр замын чигийг эхний 40,6 км-ийг хэсэгчилсэн байдлаар баталгаажуулж, цаашид газар чөлөөлөлтийн асуудлыг шийдвэрлэсний дараа үргэлжлүүлэн баталгаажуулна. Энэ сард Богдхан төмөр замын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.
 
Товч мэдээ
 
·      Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны долдугаар сарын 21-25-нд Япон Улсад ажлын айлчлал хийсэн дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад даалгалаа.
 
·      Цэргийн түүх, архив, хэвлэл мэдээллийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах эрхийг Батлан хамгаалахын сайдад олгов.
·      УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нараас санаачлан боловсруулсан Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарим саналыг төсөл санаачлагчдад уламжлахаар тогтов
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх