Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд тавдугаар сарын 16-нд эхээсээ төөрсөн бамбарууш ирснийг нутгийн байгаль хамгаалагчид асран хамгаалж, бие даан амьдрах чадвартай болгоод өнөөдөр тайгад нь тавьжээ. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
Төөрсөн бамбарууш 2-3 сартай, зургаан кг жинтэй байсан бол одоо 16-17 кг жинтэй болж өөрөө бие даан амьдарч, идэж тэжээлээ олох чадвартай болсон байна.
Байгаль хамгаалагчдын асаргаанд сар гаруй болсон бамбаруушийг ой, тайгад нь тавих ажлыг Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Аймгийн ЗДТГ-ын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, тус сумын байгаль хамгаалагчид хамтран зохион байгуулж байгаа аж.
Ингэхдээ бамбаруушийг сумын төвөөс 60-70 км, хамгийн ойр айл 10 км байх ой, хөвчид тавьж байгаа аж. Цаашид нутгийн байгаль хамгаалагчид түүнд хяналт тавих юм.