УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан коронавирусийн халдвар авcан билээ. Тэрбээр, цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд ингэж зөвлөлөө.
Б.Жавхлан “Миний бие өнгөрөгч долоо хоногт “Ковид-19” шинжилгээгээр эерэг гарч эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байна.
Эмч нар маань хэвт гэж шаардсан, гэхдээ өөрөө хүсэлт тавьж ХӨСҮТ-д хэвтлээ, эмчлүүлэхийн зэрэгцээ энд нөхцөл байдал ямар байна гэдгийг мэдрэе гэж бодлоо.
Миний хувьд одоогийн байдлаар шинж тэмдэг харьцангуй хөнгөн байна. Амт үнэр хэвийн, биеийн халуун хэвийн. Хамрын ханиадархуу мэдрэгдэж байна. Ямар ч байсан 10 хоногийн эмчилгээний хугацаандаа мэргэжлийн хүмүүсийн заавар, зөвөлгөөг дагаж эмчлүүлэхээс гадна Төрийн ажил маань цахимаар саадгүй явж байна.
Миний хувьд БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины хоёр дахь тунгаа дөрөвдүгээр сарын 20-нд хийлгэсэн бөгөөд, практикаас харахад хоёр тунд хамрагдсан иргэд харьцангуй хөнгөн тусч, эдгэрч байгааг онцолж байна.
Монгол Улсын Засгийн газраас Коронавируст цар тахлын үед иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, тус салбарын нэн шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, хүнд үеийг хамтдаа даван туулахын төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байгаа бөгөөд манай улс Вакцин нийлүүлэлт, худалдан авалтын хувьд огтхон ч тасалдал үүсгээгүй ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн вакцинуудыг татан авч байгаа болно.
Мөн өнөөдрөөс /2021.06.28/ 12-15 насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчдын зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулж эхэлж байна.
Та бүхэн минь хайртай гэр бүл, үр хүүхдүүд, найз нөхөд, хамт олноо цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагын заавар, зөвөлгөөг ягштал биелүүлж, вакциндаа хамрагдахыг ахин уриалж байна.
ТАЛАРХАЛ
Цар тахлын хүнд үед ачааны хүндийг үүрч, голомтод ажиллаж байгаа Эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа сэргийлэх, хил, гаалийн шат шатны байгууллагын ажилтан албан хаагч, эрдэмтэн судлаачид та бүхэндээ, мөн цар тахлын эсрэг хамтран ажиллаж байгаа хөгжлийн түнш орнууддаа талархал илэрхийлье.
ЗӨВЛӨМЖ:
Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөн, ямарваа шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Та өөрийгөө тусгаарлаж, цаг алдалгүй заавал мэргэжлийн байгууллагад хандаарай. 1.Вакцин 2.Эмчилгээ 3.Нийгмийн хариуцлага” гэжээ.