Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 9-нд болж, манай улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх сонгогдсон билээ.
Түүний хувьд зургаадугаар сарын 25-нд буюу өнөөдөр тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль өмнөх сонгуулиудаас онцлогтой болж өнгөрлөө.
Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд энэ оны дөрөвдүгээр сарын 29-нд өөрчлөлт оруулснаар өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй болсон юм.
Түүнчлэн Ерөнхийлөгчийг үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байлгахын тулд нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 45 байсныг 50 болгож, дөрвөн жилээр хоёр удаа сонгогдох боломжтой байсныг зургаан жилээр нэг удаа сонгогдох зохицуулалтыг 2019 онд шинэчлэн баталсан Үндсэн хуулийн зохицуулалт энэ удаад хэрэгжив.
Ингээд Ерөнхийлөгчийн тухай болон Үндсэн хуульд Төрийн тэргүүний эдлэх эрх, хүлээх үүргүүдийн талаар хэрхэн тусгасныг хүргэж байна.
Ерөнхийлөгч ямар бүрэн эрхтэй вэ?
Ерөнхийлөгчийн тухай хуулиар:
- УИХ-ын анхдугаар чуулганыг товлон зарлах, улс орны чанартай хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцүүлэхээр УИХ-ын ээлжит бус чуулган чуулахыг санаачилна.
- Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай Ерөнхий сайдаас тавьсан саналын талаар түүнтэй зөвшилцөнө.
- Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах талаар Ерөнхий сайдаас ирүүлсэн саналтай танилцана.
- Үндсэн хууль бусад хуульд нийцүүлэн зарлиг, захирамж гаргана.
- Хууль санаачлах, хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ.
- УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина.
- УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож, төрийн бодлогын аливаа асуудлаар УИХ-д санал оруулах зэрэг бүрэн эрх Ерөнхийлөгчид бий хэмээн заажээ.
Үндсэн хуульд:
- Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно;
- Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;
- Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах;
- Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах;
- Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах;
- Уучлал үзүүлэх;
- Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;
- Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;
- Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;
- Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно гэдгийг тусгажээ.
Ерөнхийлөгчийн ажлын хариуцлага
- Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцаж жил тутам үйл ажиллагааныхаа талаар танилцуулна.
- Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай асуудлыг УИХ-ын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор тавибал Үндсэн хуулийн гучин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу УИХ хэлэлцэж Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг шийдвэрлэнэ.
Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах бөгөөд Ерөнхийлөгчид Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн бүрэн эрхийн хүрээнд үл хамаарах бүрэн эрхийг хуулиар олгохгүй хэмээн тусгажээ.
Ерөнхийлөгч хэнийг томилдог вэ?
- Бүх шатны шүүгчийг хуульд заасны дагуу томилно.
- ЗХЖШ-ын даргыг УИХ-тай зөвшилцөж томилно.
- Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг томилох тухай саналаа УИХ-д оруулна. УИХ уг саналыг татгалзсан бол өөр хүнийг санал болгоно.
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө.