Биднийг “Хил, хэл, мал гуравтайгаа хэн баян монгол баян” гэх зэргээр хий хийрхэж байх зуур эх хэлээрээ эг маггүй ярьж, бичиж чаддаггүй залуус улам олширч, гаднын хэл, соёлыг шүтэх үзэл ганхашгүй төлөвшив. Мөн мал аж ахуйн салбарын хөгжил урагшлах бус ухарч, малын түүхий эдийн ханш талхны үнээс давахаа байжээ. Улмаар арьс шир хотондоо өмхийрч, хог дээр хаягдах боллоо. Товчхондоо, та биднийг анзаарч, анхаарч амжаагүй байтал эх орны минь үнэт зүйл улам бүр үнэгүйдсээр байна.
“Сахил хүртээд шал дордов”
Хөдөө аж ахуйн салбарыг дэмжиж, арьс ширийг дотооддоо боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай яригдаад 10 гаруй жилийн нүүр үзжээ. Уг нь ажил болж хэрэгжиж чадвал уул уурхайн салбараас илүү эдийн засгийн үр өгөөжтэй байж болохоор. Учир нь, мал аж ахуй бол шавхагдашгүй баялаг юм. Гэвч өнгөрсөн хугацаанд тус салбарт дорвитой өөрчлөлт гарч, асуудлаа шийдвэрлэж чадалгүйгээр өнөөдрийг хүрчээ.
Харин ч сахил хүртээд шал дордов гэгчээр нэмүү өртөг шингээж, эх орондоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэх шалтгаанаар түүхий эдийн экспортыг хязгаарласнаас болж арьс, ширний үнэ “шалдаа бууж” тав, арван мянгаас хэтрэхээ байсан юм. Түүхий эдийг дотооддоо боловсруулаад экспортлох цаад санаа нь зөв ч асуудлыг цогцоор нь харж, шат дараатай шийдвэрлэж чадаагүй нь арьс шир үнэгүйдэхэд хүргэжээ.
Тодруулбал, 2013 онд Монгол Улсын Засгийн газраас түүхий эд боловсруулах үйлдвэрээ хөл дээр нь босгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах зорилгоор арьс ширийг түүхийгээр нь экспортлохыг хориглосон юм. Улмаар анхан шатны боловсруулалтыг дотооддоо хийгээд, БНХАУ руу гаргадаг болсон. Гэхдээ боловсруулалт хийдэг дотоодын үйлдвэр цөөн. Тиймээс ачааллаа дийлдэггүй байна. Мөн малын арьс, шир нядалгааны үеийн болон хачиг, хамууны шарх сорви ихтэй байдгийн улмаас гологдох нь элбэг аж. Учир нь, Монгол Улсад мал нядалгааны технологи алдагдсан. Өөрөөр хэлбэл, зориулалтынх нь дагуу малын арьсыг хуулдаг стандартын шаардлага хангасан мах бэлтгэлийн газар нүдний гэм. Тиймээс ихэвчлэн хээрийн бой хийдэг бөгөөд арьсыг нь хутга, мэсээр сийчиж хуулдаг. Ингэж төхөөрсөн малын арьс боловсруулалтын ая даалгүй, сэмэрч урагддаг байна. Мөн сүүлийн жилүүдэд малдаа цаг тухай бүрд нь ариутгал, халдваргүйжүүлэлт, вакцин, туулга, угаалга хийдэг малчин цөөрсөн. Үүний улмаас бөөс, хуурс, хачиг, хувалзтай, паразитын өвчлөлтэй малын тоо нэмэгдсэн байна. Ийнхүү хачиг, хувалзад идүүлж, өвчилсөн малын арьс цоорч, сорви ихтэй болсон байдаг аж. Тиймээс боловсруулалт хийхэд хүндрэлтэй байдаг талаар үйлдвэрийн ажилчид хэлж байлаа. Харин БНХАУ-д үйлдвэрлэл хөгжсөн учир ямар ч арьсыг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийх боломжтой байдаг талаар “Эмээлт” захын ченжүүд учирлаж байсан юм.
Малын арьс ширийг дотооддоо хагас ч болов боловсруулаад экспортолж байгаа нь сайшаалтай ч маллагаа, нядалгаа, боловсруулалт зэрэгт цогцоор нь анхаарч чадаагүйн улмаас арьс шир эцсийн бүтээгдэхүүн болж чадалгүй саармагжиж, тал нь агуулах дотор, тал нь хогийн цэг дээр илжирч байгаа юм.
“Хөл хорионы улмаас дотоодын үйлдвэрүүд ажиллахгүй байна”
Жил бүхэн “Эмээлт” зах дээр их хэмжээний арьс шир төвлөрч, малчдаас худалдаж авсан түүхий эдээ таван цаас нэмээд үйлдвэрүүдэд нийлүүлдэг ченжүүд урд хөрш рүү арьс шир түүхийгээр нь гаргахаа больсон шийдвэрт бухимдаж суудаг жишиг тогтжээ. Өнөө жил ч дээрх байдал дээрдээгүй байна. Харин ч хөл хорио, цар тахлын улмаас дотоодын үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа учир нөхцөл байдал улам дорджээ. Зарим нэг хашир ченж “Арьс шир худалдаад авчихвал борлуулж чадахгүй өмхийрүүлчихнэ гэж санаад энэ өвөл түүхий эд аваагүй нь болж” гэж байсан бол зарим нь намар, өвөл цуглуулсан түүхий эдээ хэрхэх учраа олохгүй тэвдэж сууна.
Энэ талаар “Эмээлт” зах дээр 10 гаруй жил ажиллаж буй ченж А.Сүх-Очир мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Өнгөрсөн өвөл багагүй түүхий эд цуглуулсан. Энэ жил цөөнгүй аймаг суманд зуд болсон учир малын түүхий эд өмнөх жилүүдээс элбэг байсан. Гэхдээ цар тахлын улмаас дотоодын үйлдвэрүүд ажиллахгүй байгаа нь хураасан арьсаа хаяхаас өөр аргагүйд хүргэж байна. Мэдээж гадагш экспортлох боломжгүй. Муудаж, өмхийрөхөөс нь өмнө арга хэмжээ авахын тулд хонины нэхийгээ ноосыг нь хяргаж аваад, арьсыг нь хог дээр хаясан. 1000-2000 төгрөгөөр худалдаж авсан нэхийнийхээ арьсыг гурван машин хөлслөөд 150 мянган төгрөг зарцуулж хаяхаар ачууллаа. Ноосыг нь хяргуулахад ч хүн хүч, хөлс мөнгө хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд “шатаж” дууслаа. Ямааны арьс ч хангалттай борлуулагдахгүй байгаа. Үйлдвэр долоо хоногт 100 хүрэхгүй л арьс авдаг. Тэрнээс ихийг боловсруулж хүчрэхгүй. Борлуулагдахгүй байгаа арьс, ширээ үйлдвэр авах хүртэл давсалж хадгалах хэрэгтэй. Гэтэл давс бараг нэхий, арьснаасаа илүү үнэтэй байдаг. Өнгөрсөн жил мөн л багагүй алдагдал хүлээсэн” гэлээ.
Ийнхүү дотоодын үйлдвэрүүдийн ажил цар тахал, хөл хорионы улмаас цалгардаж, малын арьс шир хог дээр хаягдахад улам ойртжээ.
Буянаа барсан Монгол
Үйлдвэрлэл хөгжөөгүй, арьс ширийг дахин боловсруулах боломж, нөхцөл хязгаарлагдмал байгаагийн улмаас олон зуун тэрбум төгрөгийг гаднын улс руу урсгаж байгаа жишиг өнөөг хүртэл үргэлжилж байна. Гэтэл манай улсаас хагас боловсруулсан арьс, ширийг хямд үнээр худалдаж авсан улс орнууд дахин боловсруулалт хийгээд арьсыг хэдэн зуу болгож зүсэж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд, хөлжиж буй юм.
Манай улс жилд дунджаар найман сая ширхэг арьс, шир бэлтгэдэг. Харамсалтай нь, үүний ердөө 20 хүрэхгүй хувийг үндэсний үйлдвэрлэгчид буюу дотоодын үйлдвэрүүд боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тухайлбал, сүүлийн гурван жилийн хугацаанд дунджаар Итали руу 500.000-1.8 сая ширхэг ямааны арьс экспортолсон бол Турк улс руу 1-1.3 сая ширхэг хонь, ямааны арьс гаргасан байна. Харин БНХАУ руу 2-3 сая үхэр, хонь, ямааны арьс гаргасан талаар Монголын арьс ширний холбооноос мэдээлжээ. Гэтэл дотооддоо сая хүрэхгүй ширхэг арьсыг гүн боловсруулаад, гутал, цүнх, бээлий, хувцас хийдэг аж ахуйн нэгжүүдэд өгсөн байна.
Монголчууд буянт малынхаа амьсгалаас бусдыг нь ашиглах боломжтой. Гэтэл энэ шавхагдашгүй баялгаа бодлого, төлөвлөлт муутайнхаа гороор алдаж, гаднын улсыг “угжиж” буй нь халаглах багадахаар асуудал юм. Тиймээс юун түрүүнд малын эрүүл мэнд, түүхий эдийн стандартад анхаарах хэрэгтэй. Тухайлбал, мал маллагааны чанарыг сайжруулж, угаалга, тарилгад цаг тухай бүрт нь хамруулах нь мал эрүүлжих чухал ач холбогдолтой юм. Мөн малыг зориулалтын газар төхөөрч, арьсыг нь шарх, сорвигүй хуулдаг байх хэрэгтэй талаар мэргэжилтнүүд хэлдэг. Үүнээс гадна үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулж, дотооддоо эцсийн бүтээгдэхүүн гаргах, цаашлаад гаднын улс руу бүтээгдэхүүнээ гаргах зэрэгт анхаарлаа хандуулах цаг болжээ.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл. Дугаар 477