Тэрэлж орчмын амралт, жуулчны баазуудын үйл ажиллагааг түр зогсоожээ

  • 0
  • 111
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Нийслэлийн хэмжээнд халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан бүх төрлийн баар, ресторан, кофе шопын танхимын үйлчилгээг хязгаарлаж, амралт, жуулчны баазын үйл ажиллагааг долоо хоногийн хугацаатай хаахаар болсон билээ.

Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран худалдаа үйлчилгээний байгууллагуудад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, бэлтгэл хангуулах, зөвлөн туслах зорилгоор хяналт, шалгалт хийж байгаа юм.

Зургадугаар сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд дээрх байгууллагуудын 2,149 албан хаагч гурван ээлжээр ажиллан, 3,725 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд шалгалт хийжээ. Шалгалтаар нийт 1,544 зөрчил илрүүлэн, 52.2 хувийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах арга хэмжээг авсан байна.

Тухайлбал, энэ сарын 19-нд Налайх дүүргийн 6 дугаар хороонд харьяалах Тэрэлж орчмын амралт, жуулчны баазуудад шалгалт хийлээ. Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоосон бөгөөд амрагчдыг түр хүлээн авахгүй гэдгээ илэрхийлэн зарлал, мэдээллийг наасан байв. Шалгалтаар ажилласан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагч нар амралт, жуулчны баазуудад усны шинжилгээг заавал хийлгэх, амрагч хүлээн авах байр сууцны ариун цэврийг сахих, цагаан хэрэглэл, ор, гудсыг сайтар угааж, ариутган, мэргэжлийн байгууллагуудаар халдваргүйжүүлэлт хийлгэхийг зөвлөлөө.

Амралт, жуулчны баазууд УОК, НОК-оос гаргасан шийдвэрийг даган үйл ажиллагаагаа зогсоосон ч иргэд олноороо салхинд гарч, ил задгай хог хаях, байгальд шинэ замын мөр гарган, зүлэг ногоог бохирдуулж байгаа нь хариуцлагагүй үйлдэл болж байгааг Налайх дүүргийн 6 дугаар  хорооны Засаг дарга Ц.Болд хэлэв.

Коронавируст халдвараас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахад төрийн байгууллагуудын хичээл зүтгэлээс гадна иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагаа, хариуцлага зайлшгүй шаардлагатай байгааг албаныхан энэ үеэр хэлж байлаа.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх