Өнгөрч буй долоо хоногт улс төрийн тогоонд чамгүй ширүүн явдлууд өрнөв. Чуулганы танхимд Б.Пүрэвдорж, Г.Дамдинням нарын гишүүд ёс бусаар нэгнээ хараан хэрэлдэж, Ж.Мөнхбат гишүүн эхнэртээ гар хүрч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүнээ үгүйсгэн мэлзсэн юм. Түүнээс гадна Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд алхах цэргийн парадын бэлтгэл, гишүүд цар тахлаар нас барсан, өвчилсөн иргэдээ биш төмөр медаль хэлэлцсэн шигээ суусан нь олон нийтийн эгдүүцлийг төрүүлсэн зэргийг тоймлон хүргэж байна.
–АРД ИРГЭДИЙНХЭЭ АМИНААС ТӨМӨР МЕДАЛИЙГ ИЛҮҮД ҮЗЭЖ ХЭЛЭЛЦЭВ-
Өнгөрч буй долоо хоногт халдварын тоо 2500 давж, 3000 шүргэв. 4000 гарна гэсэн цочирдом тооцооллыг ч эрдэмтэд хийсэн гэх. Халдвар ийн зах замбараагаа алдсанаас болж өрхийн эмч нар иргэдэд хүрч ажиллаж чадахаа больж, иргэд гэртээ хүндэрч байна. Гэтэл УИХ-ын гишүүд нь төрийн ордонд одон медаль ярьж суув. Ардын хувьсгалын 100 жилийн ойн 150 мянган медаль арай цөөн байна, яг хэн хэнд өгөх журмаа тодорхой болгомоор байна, загвар нь арай сонин харагдаад байна гэхчлэн зүйлс ярих нь дэндүү эмгэнэлтэй дүр зураг. МАН-ынханд цар тахал, өвчин зовлон биш намын 100 жилийн ой гэсэн омогшил л өнөөдөр чухал бололтой.
-Ц.АНАНДБАЗАРЫН ДУУЛИАН НАМЖСАН Ч, Ж.МӨНХБАТ ҮРГЭЛЖЛҮҮЛЭВ-
Ерөнхийлөгчийн сонгууль, коронагийн өндөр тархалтын ачаар Ц.Анандбазарын гэх хүчирхийллийн хэргийн дуулиан дарагдаад байв. Гэтэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын нэр холбогдсон гэр бүлийн хүчирхийллийн хэрэг олон нийтийн анхаарлын төвд орлоо. Тэрбээр эхнэрээ жолоочтойгоо хардаж, нүүр лүү нь цохисон гэх. Энэ дагуу эхнэр нь цагдаад мэдүүлэг өгч, эмэгтэйн ээж ч “Миний охин удаа дараа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж ирсэн” гэх утгаар ам нээсэн. Ж.Мөнхбат гишүүн би тэгээгүй гэх утгатай мэдэгдэл хүртэл хийж жүжиж амжив. Гэтэл эхнэр нь ч “Гомдолгүй” гэж мэдүүлэв. Ингэхээр хэрэг цаашид шалгагдахгүй, хаагдаад өнгөрөх замнал руугаа нэгэнт орно гэсэн үг. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдэд холбогдох хүчирхийллийн хэргүүд замхарч, мартагддагийн нэг жишээ л болох буй за.
–АЙСУЙ НӨХӨН СОНГУУЛЬД ГОРИЛОГЧДЫН МАРАФОН ЭХЛЭВ-
Д.Сумъяабазарын орон дахь Сонгинохайрханы, У.Хүрэлсүхийн орон дахь Хэнтийн сонгууль энэ долоо хоногт анхаарал татаж эхлэв. Х.Баттулга Ерөнхийлөгчийн сэнтийгээс буухаараа Сонгинохайрханыг онилно гэх шуум хүчтэй дэгдсэн. Нөхөн сонгуулиар УИХ-ын гишүүн болсноор түүний улс төрийн карьер хэрхэн өрнөх, АН, МАН-д хэрхэн нөлөөлөх нь таахад бэрх оньсого мэт хөврөх нь. асан Н.Энхбаяр хүү Батшугарыгаа Сонгинохайрхан дүүрэгт сойх хүсэлтэй. Өөрөө Хэнтийн сонгуульд үзэх магадлалтай хүнээр нэрлэгдээд байгаа юм.
–НИЙТИЙН ЭСРЭГ СӨРСӨН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ УГТАХ ЦЭРГИЙН ПАРАД-
Цар тахлын амаргүй цаг үед цэргийнхнийг цуглуулан Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын парадад бэлдүүлсэн нь олныг ам булаалдан мэтгэлцүүлэхэд хүргэв. Өнгөрөгч онд хуулиндаа өөрчлөлт оруулаад парад алхуулах тухай заалт оруулчихсан нь энд онд ийн тэнэглэл болчихлоо. Олон нийт цэргүүдийг цуглуулахыг эсэргүүцэж, цахимаар тангараг өргөхийг шаардаад эхэлчихсэн.