Холимог тулааны оргил “UFC”-д гарсан Монголын анхны төдийгүй цорын ганц тулаанч Д.Батгэрэлийг “Залуус” булангийн зочноор урилаа.
-UFC холбоонд гурав дахь тулаанаа хийж, хоёр дахь ялалтаа авсан. Сүүлийн хоёр тулаан ямар онцлогтой байв?
- UFC холбоотой гэрээтэй, тэдний тамирчин учраас тэмцээний өмнөх бэлтгэлээ АНУ-д очиж хийдэг. Бусад үед Монголдоо байж байнгын бэлтгэл сургуулилтаа хийгээд явдаг. 2020 оны гуравдугаар сарын 8-нд хийсэн тулаан бол UFC 248 тоот тэмцээн байсан, аваргын хоёр бүстэй. Гол тулааныг Азийн бүстэй аварга хийсэн, тэмцээн Лас Вегаст болсон. Ер нь бол мэргэжлийн тулаанд эвентүүд цөөхөн болдог. Энэ тэмцээний бас нэг онцлог нь Covid-ийн хамгийн сүүлийн үзэгчтэй тэмцээн байсан. Сая болсон UFC 261 тулаан бол хамгийн шилдэг гэж хэлж болохоор, аваргын гурван бүстэй тэмцээн байлаа. Мөн энэ оны хамгийн анхны үзэгчтэй тэмцээн болсон. Азиас дөрвөн тамирчин хүч үзсэн. Хятадын гурав, Монголоос би. Япон, Солонгосын тамирчид оролцсон. Тулаан болгон амаргүй, өосөлдөгчид бүгд ширүүн байлаа.
-АНУ болон Монголд бэлтгэл хийх ялгаатай байх?
-Өөр байлгүй яах вэ. Энэ спорт манайд дөнгөж хөгжиж байгаа шүү дээ. АНУ-д бол төрөлжсөн байдлаар бэлтгэл хийдэг. Бараг нэг цохилтыг нэг газар очиж хийх жишээтэй. Манайд олон газарт тэгж бэлтгэл хийх боломжгүй, зөөж зөвлөх багш нар ч цөөн.
-Сүүлийн тулааны дараа өөрөө хоёр тулаанчийг нэр цохож тэдэнтэй хүч үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байсан. Тулаан хийхэд өрсөлдөгчөө нэр цохож дууддаг уу, эсвэл UFC холбоо шийддэг үү?
-Өрсөлдөгчөө нэрийг нь зарлаж дуудах тохиолдол байна. Гэвч түүгээр шийдэгдэхгүй. UFC холбооноос оноолтыг хийдэг. Дээр нь тамирчдын менежерүүд хоорондоо тохиролцож тэмцээний товыг гаргадаг. Ямар тамирчид хоорондоо хүч үзвэл сонирхолтой тулаан гарах вэ гэдгийг тооцож үзнэ. UFC холбоо өөрөө дэлхийн том шоу хийх зорилготой, тиймээс тамирчдыг судалж, тоглолтыг аль болох сонирхолтой үзүүштэй байхыг чухалчилдаг. Тиймээс одоо дэлхийн номер нэг спорт болж хөгжиж байна. Харин Монголд одооноос хөгжиж байна.
-Сүүлийн тулааны дараа Монголдоо шууд ирэв үү?
-Тулааны дараа Майамигаар хэсэг аялаад Монголдоо өнгөрсөн сарын эхээр ирсэн. Майамигаас Нью-Йорк орж, тэндээсээ БНСУ-аар дамжих байтал онгоцноосоо хоцорчихсон учир тэнд долоо хоног саатсан. Сөүлд ирээд бас хоёр хоног саатсан, цаг агаарын байдлаас шалтгаалаад. Эх орондоо ирэнгүүтээ долоо хоног тусгаарлалтад байсан.
-Өмнөх тулааныг харахад нэлээд сэтгэл хөдөлж байгаа нь анзаарагдсан. Мартын 8-ны өдөр таарсан, ялагдаж болохгүй гэж хичээсэн байх. Харин сүүлийн тулаанд юу ч анзаарагдаагүй, хүрэл баримал шиг л байсан. Дотроо юу бодож байв?
-Та сайн анзаарчээ. Гадны том тамирчид бүгд сэтгэл зүйчтэй байдаг. Миний хувьд одоогоор сэтгэл зүйч байхгүй, өөрөө л тэр бүх бэлтгэлээ хангадаг. Мэдээж дэвжээнд гарахын өмнө тэгэх вий, ингэх вий гэж дотроо бодох юм бий. Гэхдээ мэргэжлийн спорт хугацаатай, бүх зүйл тэр тулаанд, тухайн өрсөлдөгчид, тэр тэмцээнд зориулж бэлдсэн байдаг.
Тайлбарлагч нэр дуудахад “Миний цаг ирлээ, би үүний төлөө хэчнээн сар бэлтгэсэн. Одоо л тэр бүхнээ гаргах цаг ирлээ” гэж бодсон, тэр бүхнээ шавхсан, гаргасан.
-Тулааны өмнө болоод хойно өөрт чинь урам зориг өгсөн үгсийг хэн хэлэв?
-Оны эхээр манай холимог тулааны тамирчид хүлээлт өндөртэй байсан. Эхлээд бүгд л “Монголын тамирчин заавал ялах ёстой” гэсэн. “Заавал” гэдэг үг шахаанд оруулсан их дарамттай байсан. Дараа нь би тэр үгийг эерэгээр хүлээж авч “Монгол тамирчдын маань хүлээлт ийм байна, би чадах ёстой” гэж бодож өөрийгөө хурцалсан. Би ямар ч үед “UFC”-ийн дэвжээнд монгол хүний, монгол тулаанчийн ур чадвар, зориг, тэвчээрийг харуулах болно.
-Өөрийн чинь дэвжээний нэр “Талын шуурга”, сүүлийн тэмцээнд дэвжээнд гарахын өмнө тэнгэр дуугарч, аянга бууж буй мэт сүрлэг хөгжим эгшиглүүлсэн нь монголчуудыг огшоосон шүү?
-Тэр бол “The Hu” хамтлагийн “Хар айраг” гэдэг аялгуу. Тухайн үед тулаан эхлэхийн өмнө тэнгэр цэлмэг байснаа үүл нүүгэлтээд бороо орох шинжтэй болсон. Дэвжээн дээр тулалдчихаад гараад иртэл бороо орж байсан.
- Өөрийн чинь тухай “Хороо цэргийн жагсаалын талбай дээр хөлд орсон юм чинь ийм байлгүй яах вэ” гэж боддог. Багадаа гэрийнхээ гадаа ах нартайгаа, үеийнхэнтэйгээ байнга л барилдаж, ноцолдож байгаа харагддаг сан?
-Дээрээ хоёр ахтай, тэдний үеийнхэн бас миний найзууд бүгд л барилдаж, ноцолдож өссөн. Аав, ээж хоёр минь Чоно голын отрядад ажиллаж байсан болохоор цэргүүдийг дагаад гүйдэг байлаа. Тэр хэрээр бидний үеийнхэн чангарч өссөн гэж боддог. Та бол бидний бага байхыг сайн мэднэ дээ.
-Анх тулааны урлагаар хичээллэх болсноо яривал бас л сонирхолтой түүх байх. Өсвөр үеийнхэн, залууст сургамжтай байж мэднэ?
-Дунд сургуульд байхаас энэ спортоор хичээллэсэн. Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрж, өссөн. Сумандаа наймдугаар анги төгсөөд, аймгийн төвийн I арван жилийн сургуульд нэг улирал хичээллээд хотод шилжиж ирсэн юм. Нийслэлийн II сургуульд сурч байхдаа өглөө хичээлдээ яваад, үдээс хойш гэртээ ирж даалгавраа хийчихээд бусад үед нь хийх зүйлгүй болчихно. Тиймээс чөлөөт цагаа зөв өнгөрүүлье гэж спортоор хичээллэхээр шийдсэн. Спортын төв ордон руу анх очиход жүдо, бокс, чөлөөт бөх гээд олон секцүүд хичээллэдэг, аль нэгийг нь сонгохоор өрөөсгөл санагдсан. Ингээд кик боксыг сонирхож Ж.Нарантунгалаг багштайгаа уулзсанаар энэ спорт руу орсон.
-Ж.Нарантунгалаг багш чинь яаж хүлээж авав?
-Бусад хүүхдийн л адил хүлээж авсан. Олон хүүхэд, орж гарч байдаг болохоор намайг очиход шинэ хүүхэд ирлээ гээд угтсан. Миний хувьд анх тамирчин болно гэж бодоогүй, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх хүсэл л байсан. Гэхдээ өөрийн сонгосон спортын төрөл учраас дуртай байсан. Улсдаа болсон олон тэмцээнд амжилт гаргасан. Харин мэргэжлийн тамирчин болох хүсэл төрсөн нь Олон улсын дэвжээн дэх анхны тулаанаа 2011 онд “Legend FC” холбооны тэмцээнд Макаод хийснээс эхтэй. Энэ тэмцээнд Ж.Нарантунгалаг багш маань 70 кг-д аварга болж, би каратегийн хар бүстэй Хонгконгийн тамирчныг ялсан юм.
Аавынхаа нэрээр дуудуулж, Монгол Улсынхаа далбааг өргүүлэн дэвжээнд гарснаар өмнөө тавьсан зорилго минь илүү томорч, оргил руу тэмүүлэх ёстойгоо ойлгосон.
- Энэ спортыг сонгоход ойр тойрныхон чинь хэрхэн хүлээж авсан бол?
-Анх бүгд дургүй байсан, бүгд л хориглох маягтай. Өөрөө дуртай болохоор өдөр бүр бэлтгэлээ хичээж хийж байгааг хараад аажимдаа дэмжихээс аргагүй болсон байх. Одоо бол бүгд дэмждэг. Тэр байтугай нас сүүдэр 85 хүрч байгаа эмээ минь хүртэл дэмжиж, миний тулааныг телевизээр үзэг болсон. Эхэндээ асууж байгаад ялсан гэхээр нь давталтыг нь үздэг байсан бол одоо шууд үздэг болсон гэсэн.
-“Чингисийн цавчилт” гэж алдаршсан, Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг бол маш сонирхолтой философитой тулаанч. Амьдралынх нь зарчим ч бас өвөрмөц. Шавь нартаа юуг чухалчилж захиж хэлдэг вэ?
-Багш маань нэг зүйлийг маш чухалчилж зааж зөвлөж, захиж хэлдэг. Тэр нь “Тулааны спорт хүндэтгэлээр эхэлж, хүндэтгэлээр дуусдаг. Тариан түрүү боловсрох тусмаа бөхийдөг” гэж сургадаг. Багшийн өөрийнх нь зарчим энэ. Тиймээс бид ч бас хичээдэг.
-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Манай уншигчдад, залууст хандаж юу хэлэх бол?
-Юуны өмнө намайг урьж ярилцсан танай редакцийн хамт олонд баярлалаа. Миний хувьд энэ сарын сүүлээр АНУ руу явж дараагийн тулааныхаа бэлтгэлд орно. Тийм болохоор танай сонины нийт уншигчид, монголчууддаа удахгүй болох Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье. Хэдийгээр цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан баяр наадам цахимаар болох шийдвэр гарч байгаа ч монголчуудын үндэсний их ухамсар, өв соёл хүн бүрийн сэтгэл зүрхэнд ассаар байх болно. Үндэсний ухамсар, өв соёлоо дээдэлж сайхан наадаарай.
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин