ХУУЛИЙН ЗААЛТ: У.Хүрэлсүх 30 хоногийн дотор тангараг өргөж, тэр өдрөө УИХ-ын гишүүн байхаа болино

  • 0
  • 111
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль явагдаж, МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх 68 хувийн саналаар ялалт байгуулсан. Тэр Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрх дуусгавар болно.

Харин У.Хүрэлсүх нь өдгөө УИХ-ын гишүүний статустай байгаа учраас, эхэлж уг бүрэн эрхээсээ татгалзан, дараа нь Ерөнхийлөгчийн тангараг өргөх үү гэдэг асуулт байгаа юм.

Тэгвэл холбогдох хуулийн заалтуудыг харвал, тэрбээр өнөөдрөөс 30 хоногийн дотор тангараг өргөх бөгөөд тэр дороо автоматаар УИХ-ын гишүүн байхаа болих юм байна. Өөрөөр хэлбэл УИХ-аас түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх ямар нэгэн шийдвэр гаргахгүй. Харин Ерөнхийлөгчийнх нь хувьд бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.

Хуулийн заалтуудтай танилцана уу.


ҮНДСЭН ХУУЛЬ:

30.4.Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.

31.8.Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй. Хэрэв Ерөнхийлөгч өөр ажил, албан тушаал эрхэлж байгаа бол тангараг өргөсөн өдрөөсөө эхлэн уул үүргээс чөлөөлөгдөнө.

32.1.Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно.

32.2.Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш гуч хоногийн дотор “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө.


УИХ-ЫН ТУХАЙ ХУУЛЬ:

10.1.Дараах тохиолдол гишүүний бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно:

  • 10.1.1.Ерөнхийлөгчөөр сонгогдсон;
  • 10.1.2.хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
  • 10.1.3.хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын Их Хурал үзсэн;
  • 10.1.4.Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
  • 10.1.5.Үндсэн хуулийн цэц гишүүнийг энэ хуулийн 7.2-т заасан тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
  • 10.1.6.гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон;
  • 10.1.7.нас барсан.

10.2.Энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан тохиолдолд гишүүнийг чөлөөлөх, энэ хуулийн 10.1.4, 10.1.6-д заасан тохиолдолд эгүүлэн татах тогтоол гаргах бөгөөд энэ хуулийн 10.1.5-д заасан тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ хуулийн 10.1.1, 10.1.7-д заасан тохиолдолд орон гарсан гэж үзэж энэ тухай Улсын Их Хурлаас шийдвэр гаргахгүй.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх