ХАЛДВАРЫН ТОХИОЛДЛЫН ТОО БА ВАКЦИНЖУУЛАЛТЫН УРАЛДААН

  • 0
  • 126
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

                                                                                                   

  • Иргэд чинь ковидтой
  • Эдийн засаг чинь сэхээнд байна.

Намаараа, төрийн албаараа, Засгийн газраараа хүч түрэн байж сонгуульдаа яллаа. Хангалттай. Одоо ажиллая аа. 

ХАЛДВАРЫН ТОХИОЛДЛЫН ТОО БА ВАКЦИНЖУУЛАЛТЫН УРАЛДААН

Уг нь вакцинжуулалтаа хурдан хийчихвэл Израйл, Шинэ Зеланд шиг тохиолдлын тоо нь эрс буураад л бүх зүйл сайхан болчихгүй байсан уу? Яагаад нөхцөл байдал ийм хэвээр байна. Энэ тал дээрээ ямар судалгаанууд хийгдэж байна вэ? Бид хэдэн тэрбум хүнтэй Энэтхэг улс шиг биш. Хэдхэн сая хүнтэй. Зорилтот бүлэгт хийгдсэн вакцинжуулалтын хувиараа 57 хувьтай. Дэлхийд 2 дугаарт бичигдэж байна.

Харин Израйлд вакцинжуулалт зорилтот бүлгийнхээ 40 хувьд л хүрэхэд өдрийн тохиолдлын тоо огцом буурсан. Харин манайх вакцинжуулалттайгаа хамт, тохиолдлын тоо нь уралдаж өгч байна. ОДОО АЖИЛЛАЯ АА. Учир нь бүх ажлын эхлэл(ашиг, орлого, үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесийн хүлээлт, хөрөнгө оруулалт, шийдвэр гаргалт) нь ковидоос хамаарч байна. 

Зураг 1. Вакцинжуулалтын хувь

 

АЖ АХУЙН НЭГЖҮҮД АВРАЛ ЭРСЭЭР...

Ковидын нөлөө: Цар тахлын үед нийтдээ 5 удаагийн их хөл хориог тогтоожээ. Эдийн засаг хэмээх үйлдвэрлэлийн машины гол хөдөлгүүр нь болох 95 мянган ААН бий. Эхний хөл хорионд эдгээр ААН-ийн 48 хувь нь санхүүгийн байдал нь хүндэрсэн бол 5 дахь хөл хорионы дараа тэдний 71 хувийнх нь санхүүгийн байдал хүндрэв. 

Засгийн газрын дэмжлэг: Тиймээс Засгийн газраас эдийн засгийг сэргээх 10 их наядын хөтөлбөр зарлав. Үүнээс 4 их наяд төгрөгийг 3 болон 9 хувийн хүүтэйгээр олгож эхэлсэн. Одоогийн байдлаар ердөө 25 орчим хувь нь л санхүүжилт аваад байна. 

Харин ААН-үүд нь банкан дээр бөөн зовлон тоочин арайхийн зээл аваад эргэтэл барааг нь худалдаж авах өрхүүд байсангүй. Нийт 5 удаагийн хөл хорионы дараа ААН-ийн 60 хувийнх нь үйлчлүүлэгчийн тоо эрс буурч, борлуулалтын орлого нь 50-аас дээш хувиар унажээ. 

Төрийн хийх ёстой ажил: Түүнчлэн бид импортын хамааралтай орон гэдгээ мартаж болохгүй. Тиймдээ ч ААН-үүдийн 40 хувь нь худалдааны бизнес эрхэлдэг. Гэтэл гааль дээр тээврийн зардал нь 3 мянган юаниас 30 мянган юань болчихсон байна. Энэ бол жинхэнэ галзуурал билээ. Төрийн байнга хийж байх, байнга хянаж байх ёстой ажил. Энэ мэтчилэн асуудал дээрээ ОДОО АЖИЛЛАЯ АА.

Зураг 2. Цар тахалд өртсөн ААН-н хувь

Эх сурвалж: ҮСХ

ХАМГИЙН ТОМ ХУДАЛДАН АВАГЧ ӨРХҮҮД ХҮНД БАЙНА

Ковидын нөлөө: ААН-үүдийн хамгийн том худалдан авагч нь өрх, гэрүүд байдаг. Угтаа 3 хувийн хүүтэй зээлийн санаа нь ажлын байраа хадгал. Хадгалсан ажлын байрны цаана нэг өрх байна. Өрх чинь эргээд худалдан авалт хийж, борлуулалтыг чинь дэмжинэ гэсэн утгатай. Үүнийг бид эдийн засагт Сэйгийн хууль гэдгээр нь мэднэ. Гэтэл ийм зүйл тохиолдох уу? Өрхүүд үнэхээр авсан цалингаа баруун, солгойгүй цацаад л их худалдан авалт хийх боломж байгаа юу? Байхгүй. Яагаад вэ? Манайх 1 сая гаруй хүн ажиллагсадтай. Тэдний 57 хувь нь авдаг цалингийнхаа 10-50 хувийг тануулсан байна. 

Зураг 3. Ажилчдад үзүүлэх цар тахлын нөлөө

Эх сурвалж: ҮСХ

Орлого, зарлагын бууралт: За яахав. Нөхцөл байдал бага багаар дээрдэж, бүтэн цалингаа авдаг боллоо. Гэтэл өрх, гэрүүдийн нөхцөл байдал ямар байна вэ? Одоогоор орлого нь 4 хувь буурчихсан, зарлага нь 7 хувиар агшчихсан байдалтай л байна. Эхний хөл хорионоос хүнсний бус хэрэглээгээ танасан. Сүүлийн хөл хорионы үеэр хүнсний хэрэглээгээ хүртэл танах хэмжээнд хүрэв.

Долдугаар сард тэтгэмж, дэмжлэг зогсох үед: Хамгийн гол нь энэ 7 дугаар сараас өрхийн орлого тал багасаж, зарлага тал нэмэгдэж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгө өгөх хугацаа дуусаж, зарлага талд хөнгөлсөн бүх төлбөрүүдээ өрхүүд төлж эхэлнэ. Эргэн сэдэвтээ ороход ААН-үүдийг том худалдан авагч болох өрхүүдийг ийм онцгой үед хүүхдийн мөнгө шиг тогтвортой мөнгөөр дэмжих нь зөв. Харин нэг өдрийн дотор төсвийн 10 хувьтай тэнцэх мөнгө тараана гэдэг бол утгагүй.

Худалдан авах чадвар буурав: Түүнчлэн бараа, бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өсөж байна. Хэдийгээр ам.доллар тогтвортой ч юань тэнгэрт хадаж байна. Хятадын хилээр орж ирж буй бараа бүтээгдэхүүний үнэ ч өсөж байна. Цаашид ч өрхийн орлогоос шимж, сорсоор байх төлөвтэй байна. 

 

ТОГТВОРТОЙ ЗАСАГ БҮРДСЭН ЮМ БОЛ ӨРӨӨ ДАРЪЯ АА

Цар тахал, сонгууль хоёр толгойд нь эргэлдсээр хүлээгдэж буй 3, 4 дэх асуудлуудаа  умартсан мэт. Түүхий эдийн супер цикл эхлээд жил болж байна. Зэсийн үнэ 10 мянган ам.долларт хүрч байна. Гэтэл бид энэ өсөлтөөс хүртэж чадаж байна уу? Уул уурхайн сайдаасаа эхлээд сонгуульд гүйж байгаа харагдсан. 

Төсөв нь улайгаад гаднаас мөнгө гуйж хүүхдийн мөнгөө өгдөг улс чинь сангийнхаа сан хөмрөгөө арвижуулах тухай бодож эхлэх хэрэгтэй байдаг.

Ирэх жилүүдэд биднийг төсвийн орлогын 30-40 хувьтай тэнцэх бондын төлбөр хүлээж байна. Тогтвортой засаг бүрдсэн юм бол энэ өрийн удирдлагаа л сайн хийх хэрэгтэй байна даа. ОДОО АЖИЛЛАЯ АА.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх