Хэзээнээсээ монголчуудад сууж өгдөггүй нэг зан нь хэнэггүй, хайхрамжгүй байдал. Аялаж, амрах дуртай хэрнээ ойр тойрныхон болон хүүхдээ анзаарахгүй. Хэчнээн ч жил, сар, өдрөөр улиглаж сэрэмжлүүлээд жил бүр усны осол эндэгдлийн тоо буурахгүй нь дэндүү харамсалтай. Үүний ганцхан жишээ нь, өнгөрсөн ням гарагт хөдөлгөөнт эргүүлээр ажилласан алба хаагчид голын эрэгт хараа хяналтгүй тоглож байсан 29 хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгч, 162 хүүхдийг эргээс холдуулж, 149 тээврийн хэрэгслийг голоос 50-100 метрийн зайд байрлуулжээ. Амралт, зугаалгын улирал дөнгөж эхэлж байхад ганцхан өдөрт нөхцөл байдал ийм л байна.
Гэтэл улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар найман аймгийн 15 сум, нийслэлийн гурван дүүрэгт 24 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 18 хүн амь насаа алджээ. Үүний тав нь хүүхэд байгаа юм. Нийслэлийн хэмжээнд гол усны 13 дуудлага ирж, аврагчид 33 иргэний амь насыг авран хамгаалжээ. Өөрөөр хэлбэл, усны ослын дуудлага бүртгэгддэг сүүлийн 2-3 сард 18 хүн амь насаа алдаж, аврагчид цөөнгүй иргэнийг хамгаалжээ.
Гол усны аюулын оргил үе нь зургаагаас есдүгээр сар хүртэл үргэлжилдэг. Энэ дагуу Хэрлэн, Тэрэлж, Туул голд иргэд усанд осолдохоос урьдчилан сэргийлэх завьт эргүүл хоёр хоногийн дараагаас ажиллана. Өнгөрсөн онд завьт эргүүлийн 45 том хүн, 21 хүүхдийг аварч, усанд осолдсон 14 том хүн, таван хүүхдийн цогцсыг гаргасан байдаг. Энэ мэтээр Онцгой байдлын аврагчид хяналт тавих ч иргэдийн ухамсар, хариуцлага хамгийн чухал юм. Тиймээс амралтын өдөр гол ус бараадахдаа өөрийгөө болон үр хүүхдэдээ сонор сэрэмжтэй байж хяналт тавих нь зүйтэй юм. Ялангуяа, томчууд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох, хүүхдээ хайхрахгүй орхих эрсдэл гаргахгүй байх хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.6.8 МЯГМАР № 115 (6592)