У.Хүрэлсүх: Хүүхэд бүрт 6 сарын хугацаанд сар тутам 100 мянган төгрөг олгоно

  • 0
  • 114
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 
 
 
 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: КОВИД 19-өөс урьдчилсан сэргийлэх зорилгоор баталсан Цар тахлаас хамгаалах тухай хууль өнөөдөр Төрийн мэдээлэлд нийтлэгдлээ. Ингэснээр энэ хууль өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэлнэ.
Бид өнөөдөр хуралдаад хүүхэд, эмзэг бүлгийн хүмүүст зориулсан тогтоол гаргах боллоо. Мөн бид энэ оны улсын төсөвт зарим зохицуулалт хийнэ.
0-18 насны хүүхэд бүрт 10 дугаар сар хүртэл 100 мянган төгрөг олгох боллоо. Дөрөвдүгээр сарын мөнгийг нөхөж олгоно. Үүнд нийт 500 орчим тэрбум төгрөг зарцуулна.
Хүнсний талоныг эмзэг бүлгийн 112 мянган хүнд олгодог. Тэд сар бүр 16 мянган төгрөгийн хүнсний талон авдаг байсан бол 32 мянган төгрөг болгон өсгөлөө. Энэ сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл энэ шийдвэр хэрэгжинэ.
3000 ахмадад сард 100 мянган төгрөг нэмж олгоно.
Хөгжлийн бэрхшээлтэй болон одой иргэдэд сар бүр 100 мянган төгрөг нэмж олгосноор 288 мянган төгрөг авдаг болно.
Өнчин хүүхдүүд мөн сар бүр 288 мянган төгрөг авна. Тэд 188 мянган төгрөг авдаг юм.
Малчдын орлого, ноолуурын салбарыг дэмжих үүднээс малчин өрхүүдэд ноолуурын урамшуулалд кг тутамд 20 мянган төгрөг олгоно.
Эдгээрт нийт 31 тэрбум төгрөг зарцуулна. Энэ бол Засгийн газраас авч буй хоёр дахь багц арга хэмжээ юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр 12.00 цагаас олон нийтэд хандаж мэдээлэл хийхээр болов. Тэрээр эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар танилцуулна гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэв.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас иргэдийн орлогыг бууруулахгүй байх, ААН-үүдийг эрсдэлээс хамгаалах зорилгоор дараах алхмуудыг авсан юм:
Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль, хуулийг хэрэгжүүлэх журмыг батлав.
Иргэдийн хэрэглээний зээлийн үндсэн төлбөр, хүү төлөх хугацааг зургаан сараар хойшлуулав.
Ипотекийн зээлтэй иргэдийн үндсэн төлбөр, хүү төлөлтийг зургаан сараар хойшлуулав.
Энэ оны зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэлх гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг батлав. Үүнд хүнсний улаан буудай, үрийн улаан буудай, бүх төрлийн хүнсний будаа, арван төрлийн ургамлын тос, элсэн чихэр багтав.
Ноолуурын эрэлтийг дэмжих, малчдын орлогыг бууруулахгүй байх зорилгоор ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ААН-үүдэд 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргав.
Засгийн газар, Монголын Банкны холбоотой харилцан тохиролцсоны дагуу Төрийн банкнаас энэ хэцүү цаг үед малчдаа дэмжин, малчны зээлийн бүтээгдэхүүний нэмэгдүүлсэн хүүг чөлөөлөх; зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулсны шимтгэлийг чөлөөлөх; зээлийн хугацааг зургаа хүртэл сараар сунгах, зургаа хүртэл сарын зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулах, хүүний төлбөрийг орлоготой нь уялдуулж уян хатан байдлаар шийдвэрлэж байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2019 оны тайлангаар 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой татвар төлөгч 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд олсон үйл ажиллагааны орлогод ногдох албан татвараас чөлөөлөгдөнө.
Зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлэгч нь 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд бууруулсан түрээсийн төлбөрийн хэмжээгээр түрээсийн орлогод ногдох албан татварыг хөнгөлнө.
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх