Монголын боксчид Азийн аваргаас гурван алт авлаа

  • 0
  • 146
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

АНЭУ-ын Дубай хотноо 2021 оны сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өчигдөр (2021.05.31) тэмцээний эрэгтэйчүүдийн жин тус бүрийн аваргын тулаанууд явагдаж, Монгол Улсаас 56 кг-ын жинд ОУХМ Х.Энх-Амар Узбекистаны Миразизбек Мирзахалиловтой таарч, 3:2-оор ялснаар алтан медаль хүртлээ.

Мөн 60 кг-ын жинд ОУХМ Э.Цэндбаатар Ираны Данияал Шахбахштай финалд таарч, 5:0-ээр илт давуу ялалт байгууллаа. Ингэснээр тэрбээр Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга болжээ. Түүнчлэн 64 кг-ын жинд  ОУХМ Б.Чинзориг алтан медаль хүртсэнээр Монголын финалд шалгарсан гурван тамирчин бүгд алтан медаль хүртлээ.

Азийн наадмын мөнгөн медальт, ОУХМ Б.Чинзориг аваргын төлөө Энэтхэгийн Шива Тапатай тулалдаж, 3:2-оор ялалт байгуулсан бөгөөд тивийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтан боллоо. Энэ удаагийн Азийн аваргаас эрэгтэй 49 кг-ын жинд О.Өнөболд, 69 кг-ын жинд Б.Мишээлт, эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Л.Алтанцэцэг, 54 кг-ын жинд Э.Мичидмаа, 75 кг-ын жинд М.Мягмаржаргал нар хүрэл медаль хүртлээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх