УИХ-ын дарга Г.Занданшатар МҮХАҮТ-д худалдаа, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Тэрбээр уулзалтын үеэр Монголбанкны “хар жагсаалт”-д бүртгэлтэй 71 мянган иргэний муу зээлийн мэдээллийг тэглэх болсныг мэдэгдлээ. Мөн энэ хүрээнд зээлээ төлж дуусгасан ч "хар жагсаалт"-д орсон аж ахуйн нэгжүүдийг хамруулах юм байна.
УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд төр засгаас үйлдвэрлэл, бизнесийг бүх талаар дэмжиж, саад бэрхшээлийг нь арилгах, хууль тогтоомжийг боловсронгуй болгож, төр, хувийн хэвшил жинхэнэ утгаараа хамтарч ажиллах шаардлагатай байна.
Өнөөдөр Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг нэр бүхий гишүүд өргөн барьлаа. Мөн Худалдаа аж үйлдвэрийн зөвлөлийн УИХ-ын даргын дэргэд байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний дүнд худалдаа, аж үйлдвэрийн салбарынхан маань саналаа нэгтгээд УИХ, Засгийн газарт хүргүүлдэг болох боломж бүрдэж байна.
Мөн бид Монголбанканд бүртгэлтэй 71 мянган иргэний хар жагсаалтыг харагдахгүй болгох тохируулга хийе гэж байгаа юм. Түүнчлэн зээлээ төлсөн бизнесийн байгууллагуудын хар жагсаалтыг тэглэе. Энэ бол өршөөл биш. Тохируулга юм. Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулаад иргэд болон аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн санд байгаа хар түүхийг тэглэж байна.
Харин цаашдаа зээлийн эргэн төлөлтөө томтмол төлж байгаарай. Цаашид зөрчил гаргавал өмнөх түүхийг нь сэргээж гаргана. Энэ бол татварын өршөөл биш шүү” гэв.