Д.Жаргалсайхан: Ерөнхий Сайдад дараагийн төслийн саналаа хүргүүлсэн

  • 0
  • 110
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан Өмнөговь, Дорноговь аймагт томилолтоор ажиллах үеэрээ Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцсан. Уг ажлын хэсэгт багтаж, орон нутагт ажиллаад ирсэнтэй холбогдуулж Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга, дэд хурандаа Д.Жаргалсайхантай ярилцлаа.
 
Үндэсний хэмжээний Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил шувтарч, ашиглалтад авахад тун ойртжээ. Уг бүтээн байгуулалтын тодорхой хэсгийг Барилгын-инженерийн цэрэг гүйцэтгэсэн. Ерөнхий сайдыг орон нутагт ажиллах үеэр та ажлаа танилцуулсан байх. Засгийн газрын тэргүүн ямар үнэлэлт дүгнэлт өгөв?
 
-Өмнө нь Зэвсэгт хүчинд Барилгын цэргийн удирдах газар гэж байлаа. Энэ том газар үндсэндээ Монгол Улсын хөгжил дэвшлийн суурь дэд бүтцийг босгосон гэж ахмад үеийнхэн үздэг. Энэ нь ч яахын аргагүй үнэн. Тэгвэл өнөөдөр Зэвсэгт хүчинд Барилга-инженерийн цэргийн удирдах газар байгуулагдаж, ахмад үеийнхээ нэгэн адилаар эх орныхоо хөгжил цэцэглэлтийн суурь нь болохоор чармайн ажиллаж байна. Тийм ч учраас бид төмөр замын ажилд ханцуй шамлан ороод Монгол Улсын түүхэнд тодоос тод мөр үлдээх нэгэн том бүтээн байгуулалтын эзэд болчхоод сууж байна. Үүгээрээ манай алба хаагчид техник, технологи хөгжсөн энэ цаг үед орчин үетэйгээ хөл нийлүүлж, улс орны хөгжлийн түлхүүр болох төмөр замын ажилд оролцож, дараа дараагийн бүтээн байгуулалтыг босгох бүрэн боломжтой гэдгээ нотлон харуулсан явдал боллоо. Тийм учраас дан ганц төмөр зам бус авто зам, томоохон үйлдвэрүүд, технологийн салбарт хүч үзэхээр ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, бид цаашдаа улс орны хөгжлийг урагш татах томоохон төсөл хөтөлбөрүүдэд оролцоход бэлэн байна. 
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.2 км төмөр замын суурь бүтцийг Барилгын цэрэг гүйцэтгэснийг бүх хүн мэднэ. Ерөнхий сайд бидний ажилтай танилцаад өндрөөр үнэлсэн. 
 
Барилга-инженерийн цэрэг бусад хувийн барилгын аж ахуйн нэгжүүдээс юугаараа ялгардаг вэ?
 
-Улсын хэмжээнд хэрэгжих томоохон төслүүдийг дангаараа хариуцаад гүйцэтгэчих хувийн аж ахуйн нэгж манай улсад хараахан алга байна. Өөрөөр хэлбэл, үндэсний хэмжээний бүтээн байгуулалт хийчих компани, аж ахуйн нэгж төлөвшөөгүйн дээр суурь баазын хувьд тааруухан байгааг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тиймээс л 416 км төмөр замын ажилд Зэвсэгт хүчнийг оруулсан. Зэвсэгт хүчин бол том айл бөгөөд байнгын бие бүрэлдэхүүнтэй, төрөл мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчинтэй, техник тоног төхөөрөмжийн хувьд ч боломж өндөртэй. Энэ нь биднийг энэ цаг үед бусдаас давуу байх боломжийг олгож байна. Түүнийгээ ч харуулж төмөр замын бүтээн байгуулалтын хариуцсан хэсгийг жил гаруйхны хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэлээ. Энэхүү ажлыг гүйцэтгэхдээ аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, харилцаа хамтын ажиллагаа ч сайн байлаа. Цаашдаа энэ байдлаараа ажиллахад ямар ч асуудалгүй гэдгийг улс орны түвшинд батлан харуулж чадлаа. Цэрэг нь зэрэг гэдэг үгнээс гаралтай. Тэгээд ч Зэвсэгт хүчин нэг удирдлага, нэг зохион байгуулалттай, нэгдэн нягтарч ажиллаж чаддаг нь бидний гол давуу чанар юм. 
 
Зэвсэгт хүчнийг бүтээн байгуулалтын ажилд оролцуулахыг Ерөнхийлөгч олон жилийн өмнөөс ярьсан. Тухайн үед нийгэмд сөрөг мэдээлэл багагүй цацагдаж байсан. Цэрэгжүүлэх гэж байна, Зэвсэгт хүчнээр ажил хийлгэх нь буруу, бэлэн байдал алдагдана гэх мэтээр их ч ярьсан. Гэтэл цаг хугацаа тийм биш гэдгийг нотлон харууллаа. Ер нь монголчууд ажлаа гаднын хөрөнгө оруулалт, зээл тусламжаар хийж гүйцэтгүүлэх гээд байдаг.
 
Гэтэл Монголын аж ахуйн нэгжүүд, тэр дундаа Зэвсэгт хүчин зоригтой хөдөлж, том ажлын ард гарлаа. Үүний цаана багагүй хэмжээний хөрөнгө оруулалт эх орондоо үлдэж байна, гаднын компаниудаас хэд дахин хямд өртгөөр ажлыг хийж, эдийн засгаа дэмжиж чадлаа, тэр хэрээрээ туршлага ч хуримтлуулсан. Энэ бол Ерөнхийлөгчийн хэлж байсан, зорьж байсан ажлын үр шим эхнээсээ гарч байгаагийн нэгэн бодит илрэл юм. Монголчуудыг чадваргүй, ажил хийж чадахгүй, туршлагагүй гэж хэлдэг байсан бол энэ хандлага түүх болон үлдэж байна. Бидний хичээл зүтгэлээр монголчууд маань бид чаддаг юм байна, зориод зориглоод хийвэл болохгүй зүйл үгүй юм байна гэдгийг ойлгосон байх гэж бодож байна. 
Зэвсэгт хүчний оролцож байгаа бүтээн байгуулалтууд нь цаанаа улс эх орны аюулгүй байдалтай холбоотой байх ёстой гэж боддог. Энэ тал дээр таны байр суурь юу вэ?
-Тэгэлгүй яах вэ. Үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын цаад зорилго нь тухайн улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх явдал юм. Бид төмөр замын бүтээн байгуулалтыг явуулахдаа үйлдвэрүүдийг сэргээж, олон мянган ажлын байрыг бий болгож, газрын доорх баялгийг зүй зохистой ашиглахад  анхаарлаа хандуулж ажилласан. Үүний цаана хүн олноор оршин суудаггүй, зэлүүд байгалийн баялаг ихтэй газар орон эзэнтэй болно, бүс нутаг хөгжинө. Бүр цаашлаад үндэсний аюулгүй байдалтай холбоотой хүчин зүйлс ч цөөнгүй бий. 
 
 
Хүний нөөцийн хангалтын хувьд та юу хэлэх вэ?
 
-Барилга-инженерийн удирдах газар байгуулагдаж, бүтээн байгуулалтын ажил эхэлснээр Зэвсэгт хүчинд алба хаах хугацаат цэргийн алба хаагчдын тоо тодорхой хувиар нэмэгдсэн. Тэр тусмаа барилга-инженерийн ангиудад алба хаах, бүтээн байгуулалтын ажилд оролцох залуусын сонирхол нэмэгдэж байгаа нь илт ажиглагдаж байна. Хугацаат цэргийн албаа хааж байх хугацаандаа түүхэн бүтээн байгуулалтад оролцож, мэргэжил эзэмшээд өдрийн 69 мянган төгрөг буюу сарын 2 сая 70 мянган төгрөгөөрөө хуримтлал үүсгээд, гэртээ харина гэдэг бол мэдээж залуучуудад том боломж болж өгсөн гэж бодож байна. Байнгын бүрэлдэхүүний хувьд ч мөн ялгаагүй манай харьяаны ангиудад шилжих, алба хаах сонирхол нэмэгдсэн. 
 
Барилга-инженерийн цэргийн гүйцэтгэх гол үүргийг тодорхойлооч гэвэл?
 
-Монголчууд бүгд эх орноо хөгжөөсэй, хүмүүсийн ахуй амьдрал сайжраасай гэж хүсэж байдаг. Хүнд бэлэн мөнгө өгөөд байвал гараа хумхиад, хувь хүнийхээ хувьд өсөж хөгжихгүй байгаад л байна. Хөдөлмөр хийнэ гэдэг бол хүнийг хөгжүүлдэг, хүсэл тэмүүлэлтэй болгодог гол хүчин зүйл. Хөдөлмөр хүнийг бүтээсэн гэдэг шүү дээ. Томоохон үйлдвэрүүдийг барьж, үндэсний хэмжээний төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байж сая тухайн ард түмэн нийтээрээ хангалуун сайхан амьдарна. Дэд бүтэц, бүтээн байгуулалтыг зоригтой, шийдвэртэй хийж, хэрэгжүүлэх нь чухал. Бидэнд ийм нөөц бололцоо хангалттай бий. Тиймээс дэд бүтэц, үйлдвэрүүдийг барьж байгуулах нь Барилга-инженерийн цэргийн гол зорилго, чиглэл оршдог гэдгийг энд тэмдэглэн хэлье. Үүний төлөө төр засгийн бодлого ч чиглэж байгаа, бид бүхний зорилго ч үүнд чиглэгдэж буй. Өнөөдөр Барилга-инженерийн цэрэгт алба хаасан залуус албаа хаагаад гэртээ харихдаа мэргэжил боловсролтой, өөрийгөө болоод бусдыг аваад явах чадвартай ирээдүйн хариуцлагатай иргэн, өрх гэрийн тэргүүн болон төлөвшиж байгаагийн зэрэгцээ улс орны хөгжилд гар бие хайрлахгүй оролцдог мэргэжилтэн болж байгаа нь сайшаалтай. Улс орныг өөрийн гэсэн хүчирхэг эдийн засагтай болгоход биднээс шалтгаалахгүй хүчин зүйлс цөөнгүй байгаа ч өөрсдөөсөө шалтгаалах зүйлс ч мөн их байна. Бид  нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах ёстой. Зовлон яриад суухаасаа илүүтэй боломжийг олж харж, түүндээ суурилсан бодлого, үйл ажиллагаа явуулах ёстой. Бүгд санаа нэгтэйгээр эх орноо хөгжүүлэх, цэцэглүүлэх чин хүслээ нэгтгэх нь чухал гэж боддог.  
 
Том төсөл эхэллээ гэхэд ямар асуудалтай тулгардаг вэ? Тоног төхөөрөмж, хүний нөөц гээд л асуудлууд ар араасаа ундардаг байх...
 
-Үндсэндээ тоног төхөөрөмж, боловсон хүчин гэх мэт зүйлс бол бидний хувьд жижигхэн асуудал. Төр засаг нэгдмэл удирдлагаар хангаж, оновчтой шийдвэр гаргадаггүйгээс ажил гацаж байна. Яам нь нэг юм ярихаар сайд нь өөр юм ярина. Тиймээс нэг яам, агентлагт бичиг цаас гацахад тэр ажил, арга хэмжээ бүхэлдээ зогсоход хүрч байна. Иймд төр засаг бүх төсөл хөтөлбөрт биш юм аа гэхэд үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг явуулах нэгдсэн бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлж чаддаг яам, агентлагтай байх ёстой. Харин Зэвсэгт хүчинд тийм дутагдал байдаггүй.
 
Шийдвэр гарахад түүнийг хэлбэрэлтгүй дагаж мөрддөг алба хаагчидтай. Гэтэл хувийн хэвшлийнхнийг тооцохоо больё гэхэд ядаж төрийн байгууллагуудын албан хаагчид биднээс суралцах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэтэрхий чөлөөтэй хандлага нь нөгөө талаараа хувь хүний амбиц, бусад хүчин зүйлстэй холбогдоод ажил явуулахад гацаа түгжээ болсоор байгааг энд хэлэх нь зүйтэй болов уу. 
 
Төр засгаас та бүхний үйл ажиллагааг хэрхэн дэмжиж байна вэ?
 
-Батлан хамгаалахын сайд бидний төлөвлөгөө, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээтэй танилцаад Барилга-инженерийн удирдах газар болоод түүний харьяа ангиудын бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлсэн. Үүний дээр Зам, тээвэр хөгжлийн яамны удирдлага, Нийслэлийн Засаг дарга дэд бүтэцтэй холбоотой ажлуудад бидэнтэй хамтрахаар болж, санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ бол бусад салбар, аж ахуйн нэгжүүд бидний үйл ажиллагааг дэмжиж, итгэл хүлээлгэж байгаагийн тод илрэл гэж харж байна. Ялангуяа Зам, тээвэр хөгжлийн яам бидний хийсэн бүтээснийг зохих түвшинд үнэлж, “Богдхан” төмөр замын төсөл дээр ерөнхий гүйцэтгэгчээр оруулахаар яриа, хэлэлцээний түвшинд яригдаж байна. Мөн Ерөнхий сайдын зүгээс томоохон төсөл хөтөлбөр дээр ажиллах санал санаачилгаа ирүүл гэсний дагуу хүсэлтээ явуулсан. Түүнчлэн Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд бид бүхнийг дэмжиж, томоохон төслүүдийг удирдах, техник, эдийн засгийн тооцоо хийлгэх зэрэг олон ажил даалгахаа мэдэгдсэн. 
 
Цаг гарган ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
 
 
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх