Италид агаарын дүүжин тээврийн бүхээг унаснаас 14 хүн амиа алджээ

  • 0
  • 118
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Зорчигчдоос амьд үлдсэн бага насны нэг хүүхэд ноцтой гэмтэлтэй Турин хотын эмнэлэгт хүргэгдсэн байна.

Агаарын замын кабель тасарсны улмаас бүхээг уулын уруу унаж, мод мөргөн зогсох хүртлээ гурван удаа өнхөрчээ.

Зарим зорчигчид энэ үеэр бүхээгнээс гадагш шидэгдсэн байна.

Бүхээг 15 метрийн өндрөөс унасан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Ослын шалтгааныг мөрдөж тогтоох ажлын хэсгийг Италийн засгийн газар байгуулсан байна.

Агаарын дүүжин тээврийн системийг 2016 онд шинэчилж, коронавирусийн цар тахлын улмаас удтал хаалттай байсны эцэст саяхан нээж байжээ.

Уг тээврийн хэрэгслээр Италийн Альпийн уулсын 1,491 метрийн өндөрт хүрч, байгалийн сайхныг үзэх боломжтой тул жуулчдын сонирхлыг их татдаг байна.

Италийн ерөнхий сайд Марио Драги амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ.

Хамгийн сүүлд 1998 онд АНУ-ын цэргийн нисдэг тэрэг Доломитийн Кавалес дахь агаарын дүүжин тээврийн системийн кабелийг сэнсээрээ тасдсанаас 20 хүн амиа алдаж байв.

Энэ удаагийн осол Итали улсын зам тээврийн дэд бүтцийн аюулгүй байдалд эргэлзэх эргэлзээг улам нэмэгдүүлж байна.

2018 онд Италийн томоохон хот Женовад автозамын Моранди гүүр нурснаас 43 хүн амиа алдсан юм.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх