Холливудын оддыг дэлхийн шилдэг мэргэжилтнүүд хүрээлж, хамгийн дээд зэрэглэлийн үйлчилгээгээр хангаж байдаг. Тэдгээр шилдэг мэргэжилтний нэг, тогооч Томас Гуглер хэмээх эрхмийг танилцуулж байна. 18-тайдаа Бүх дэлхийн мэргэжлийн олимпиадын тогоочийн төрөлд ялагч болсноосоо хойш салбартаа нэрд гарчээ. Тэрээр өдгөө Дэлхийн хоол хүнсний нийгэмлэгүүдийн холбооны Ерөнхийлөгч, дэлхийн ахлах тогооч нарын холбооны Африк, Орхи Дорнодын бүсин захирлаар ажиллаж байгаа юм. Турк, Таиланд, Канарын арлууд, Мальт, Тунис, Сенегалын таван одтой зочид буудал, ресторануудад ур чадвараа үнэлүүлж явсан тэрээр сүүлийн 18 жил Саудын Арабт амьдран, хааны хоол хүнсийг хариуцаж байна. Энэ хариуцлагатай ажлынхаа зэрэгцээ өндөр зэрэглэлийн үйлчлүүлэгчдийн захиалгаар ийш тийшээ явж “халтуур” хийдэг. Монако, Шведийн хаад, Мадонна, Элтон Жон, Лайза Минелли зэрэг алдартнууд түүний үнэнч фэнүүд, байнгын үйлчлүүлэгчид гэнэ. Тайландын хаан, Майкл Жексон нар ч амьд ахуйдаа энэ эрхмийн хоолыг амталдаг байсан аж. 12 сая гишүүнтэй холбоог удирддаг тэрээр есөн хэлээр чөлөөтэй ярьдаг. Эрхэлдэг бизнес нь ийм байхыг шаарддаг аж. Томас гуглер онгоцны хоолны бизнес эрхэлдэг. Улс оронд тохирсон жорыг тусгайлан боловсруулж, амт чанар сайтай бэлтгэдэг тул учир нислэгийн компаниуд хоолны асуудлаа дуртайяа даатгадаг байна. Тэрээр “цэрэг” байхдаа зөвхөн олон улсын ур чадварын тэмцээнээс 178 шагнал хүртсэн цуутай тогооч юм.
Т.Гуглерын Бүх дэлхийн ахлах тогооч нарын конгрессийг 2020 онд Санкт Петербургт явуулах болсонтой холбоотойгоор ОХУ-д очихдоо өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Та Тайланд, Саудын Арабын хаад, Майкл Жексон, Элтон Жон, Мадоннагийн хоолыг бэлтгэж явсан гэсэн. Би хүн орхичихсон уу?
-Хэдэн зууг нь... /инээв/. Ангела Меркель, Жак Ширак гээд л...
-Энэ ажлыг яаж амжуулдаг юм бэ. Өнөөдөр тань руу утасдахад та нисч очоод маргааш нь хоолыг нь хийдэг гэсэн үг үү?
-Үйлчлүүлэгч төрийн төргүүн байгаа тохиолдолд ажил нэлээд хялбар болдог. Тэд хэзээ, хаана, хэнтэй уулзах нь тодорхой байдаг болохоор. Тэгээд ажлын албаныхантай нь уулзаж ямар хоолонд дуртай зэргийг нь мэдэж аваад юу хийхээ шийддэг. Брунейн султантай ажиллахад яг ингэдэг. Монакогийн хаанд бол баяр ёслолынх нь үеэр ажиллах гэрээтэй учир хугацаа нь бас тодорхой. Чи энэ тогоонд нэгэнт орсон л бол энд тэндээс ажлын санал их ирнэ. Нэг, нэгэндээ дуулгаад явчихдаг юм.
-Тэгэхээр, Мадонна таны дугаарыг Элтон Жоноос авсан гэдэг нь үнэн байх нь ээ?
-Тийм ээ.
-Мадонна ямар хоол иддэг вэ, нууц биш бол?
-Хүмүүс одод, язгууртнуудыг жирийн хүмүүсээс их л ялгаатай хоол хүнс хэрэглэдэг гэж бодоцгоодог. Үнэндээ бол тийм биш шүү дээ. Зочид урих үедээ бол үнэхээр ч “ваав” гэхээр ширээ бэлтгэдэг ч гэртээ бол яг та бидэн шиг л хооллочихдог. Яах вэ, жирийн цагаан тавганд поорцлохгүй, шөлөнд улаан биш хар түрс сонгодог гээд ялгаа бий л дээ.
Шилдэг тогоочийн шипи:
-Төмс, лууван, манжин, сонгино, байцаа зэрэг ногоог цөцгийн тосонд шарахдаа жаахан элсэн чихэр хийчихвэл гадуур нь нимгэн хайрс тогтож, шаржигнасан, гялалзсан өнгөлөг болдог. Айлтгүй, хоол чинь чихэрлэг болохгүй.
-Мах, загасыг бол их тосонд шарахаас илүү хуурч болгох нь дээр байдаг.
-Сүмсэнд дарс заавал ордог шүү дээ. Сүмс бэлтгэхдээ эртний нэгэн зүйр үгэнд гардаг шиг хандах хэрэгтэй. “Дарсныхаа төлөө битгий харамс” гэж... Ногоогоо шараад дээрээс ньв дарсаа хий, тэгээд амс, удах тусам амт нь часхийх болно.