Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2021.05.12/ Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн сантай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлсэн байна. Тэрбээр Монгол Улсын Их Хурлаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, энэ чуулганы хугацаанд уг хуулийн хэрэгжилтийг хангах зорилт тавин ажиллаж байна. Иймд хүний эрх болон холбогдох асуудлаар Зөвлөлдөх санал асуулгыг илүү боловсронгуй болгох, үүнд цахим орчинд Зөвлөлдөх санал асуулга явуулах платформыг хөгжүүлэхэд та бүхний туршлага, хамтын ажиллагаа чухал хэмээн тэмдэглэв.
Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кейниг Улсын Их Хурлын даргаас дэвшүүлсэн саналыг бүрэн дэмжиж байна гээд, парламентын ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дээрх платформыг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломжтой болохоо илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдтэй саяхан уулзсан тухайгаа дурдаж, уг асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулах боломжтой гэв.
Эх Сурвалж : УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс