Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн Сүхбаатар өртөөний 2 дугаар зам дээр өчигдөр химийн бодис асгарчээ. Энэ тухай дуудлагыг 2021 оны хоёрдугаар сарын 25-ны 16:28 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Дуудлагын дагуур тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 10 алба хаагч, Цагдаагийн газрын 5 алба хаагч, Хилийн мэргэжлийн хяналтын албаны 5 алба хаагч, Төмөр замын ачаа тээврийн 3 ажилтан, Байгаль орчны газрын 1 байцаагч, нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй баг 16:29 цагт очиход Калийн хлорид” асгарсан байжээ.
Иймд цагдаагийн байгууллага 10 метрт хамгаалалтын бүс тогтоон, 617.5 кг Калийн хлорид”-ыг 15 шуудайд хийж, нэр бүхий компанийн агуулахад түр хадгалуулахаар ажилтанд нь хүлээлгэн өгсөн байна.
Баг бүрэлдэхүүн гурван цагийн турш ажиллан, бодис асгарсан талбайг усаар болон хуурай элсээр саармагжуулж, ариутгал, халдваргүйтгэл хийжээ. Уг бодис болон хөрснөөс дээж авч тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторид бодисын нэр төрлийг тодорхойлох, шинжлүүлэхээр ажиллаж байгаа хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.