Индонезид COVID-19-өөс сэргийлэх вакциныг албан журмаар хийнэ

  • 0
  • 111
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинжуулалт бүх иргэдэд албан журмаар хийгдэнэ, шаардлагатай бол албадан хийнэ гэж Индонезийн Засгийн газар мэдэгджээ. Тус улсын сайд нарын танхимын тогтоолд өгүүлснээр эрүүл мэндийн шалтгаанаар вакцин хийлгэхгүй байж болно, харин ийм шалтгаангүйгээр татгалзвал шийтгэнэ гэж тусгасан талаар The Straits Times мэдээлжээ. 

Энэ арга хэмжээ нь сүргийн дархлаа үүсэх явцыг түргэсгэхэд нэн шаардлагатай гэж эрх баригчид мэдэгдсэн байна. Вакцинжуулалтаас зайлсхийсэн этгээдүүдэд торгууль ноогдуулах, нийгмийн үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, төрөл бүрийн төрийн үйлчилгээ авах эрхийг нь хязгаарлах аж. Холбогдох яамд, засгийн газрын байгууллагууд болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд вакцинаас татгалзсан иргэдэд захиргааны арга хэмжээ авах эрхтэй хэмээн Индонезийн Засгийн газрын тогтоолд өгүүлсэн байна.

 

Тус улсын удирдлагууд 15 сарын дотор 181.5 сая хүнийг буюу хүн амынхаа гуравны хоёрыг (shuud.mn: Индонези 270 сая орчим хүн амтай) вакцинжуулах зорилт тавьжээ. Индонезид эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулах хөтөлбөр хэдийнэ дууссан бөгөөд энэ долоо хоногт төрийн албан хаагчид, эрсдлийн бүлгийнхнийг вакцинжуулах аж. Өмнө нь Индонезийн засгийн газар коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтад нэн тэргүүнд хамрагдах хүмүүсийн тоонд олон сая дагагчтай блогчдыг багтааж байлаа. Ингэснээр эдгээр хүмүүс өөрсдийн жишээгээр залууст тарилга хийхийг уриалж чадна гэж найдсан аж.

 

Хоёрдугаар сарын 17-ны өдөр Зүүн-Өмнөд Азийн томоохон бөс барааны зах болох Танах Абанг дээр албан журмаар вакцинжуулалт эхлүүлсэн талаар Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо мэдэгдсэн байна. Энэ долоо хоногийн сүүл гэхэд энэ зах дээр ажилладаг 55 мянган ажилтныг вакцинжуулах ажлыг дуусгахаар төлөвлөжээ.

 

Ийнхүү Индонез албан журмаар вакцин хийж байгаа нь сөрөг нөлөөтэй, иргэдийн болгоомжлолыг нэмэгдүүлнэ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдсэн талаар The Jakarta Post мэдээлсэн байна. Харин  Индонезийн Эрүүл мэндийн яамны төлөөлөгч Сити Надия Тармизи энэ мэдэгдлийн талаар тайлбар өгөхдөө аль ч улс орон хууль тогтоомжийнхоо хүрээнд өөрсдийн дүрмийг тогтоох эрхтэй хэмээн цохон тэмдэглэжээ. 

 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх