ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Зарим өрхийн эмнэлэг татан буугдсантай холбоотойгоор анхан шатны эмнэлгийн тусламж авч чадахгүй болсон олон иргэн байна. Тухайлбал, Гачууртад оршин суудаг иргэд Өрхийн эмнэлэггүй болж, шээс цусны шинжилгээ өгөх зэрэг анхан шатны эмнэлгийн үйлчилгээг авч чадахгүй болсон байна. Үүнд тайлбар хэлэхгүй юу?
С.Энхболд: -Гачууртын Өрхийн эрүүл мэндийн төвийн асуудлыг бид судалж байгаа. Энэ талаар миний нэр дээр албан бичиг нь хүртэл ирсэн.
Тэнд зохион байгуулалт, удирдлагын асуудал байгаа юм билээ. Түүнийг нь бид хянаж байна.
-ДЭМБ-аас улс орнууд нийт иргэдээ шинжилгээнд хамруулахад 30 хувьд нь хуурамч сөрөг гэсэн хариу гарч байгаа тухай анхааруулга гаргасан. Тэгвэл манай улсад ийм тохиолдол гарч байгаа юу. Хэрхэн хянаж байгаа вэ?
А.Амбасэлмаа: -PCR шинжилгээг маш олон хүнд зэрэг хийхэд хуурамч сөрөг, хуурамч эерэг гарах асуудал байдаг. Үүнд бид лабораторийн гадна болон дотоод хяналттай явж байгаа.
Өөрөөр хэлбэл тухайн эргэлзээтэй сорьцууд дээр давтан шинжилгээ хийж баталгаажуулах ажлыг давхар хийж буй.
Шинжилгээгээр вирус илрэх, илрэхгүй нь тухайн хүний вирусийн ялгарлаас хамаарна. Тухайн хүн халдвар авснаас хойш халдвар тараах хүртэл нууц үеийн хугацаа гэж бий.
Хуурамч сөрөг, хууран эерэг гарах нь лабораторийн асуудал. Бид хяналттай явж байгаа гэдгийг хэлье.
-Манай улсад ашиглагдаж байгаа PCR шинжилгээний төхөөрөмж аль улсынх вэ. Оношлуурын нөөц хэр их байгаа вэ?
С.Энхболд: -Манай улсад ашиглагдаж байгаа төхөөрөмжүүдийн дийлэнх нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн. Зарим нь Герман зэрэг улсад үйлдвэрлэгдсэн байна.
Бид стандартын шаардлага хангасан, олон улсад зөвшөөрөгдсөн тоног төхөөрөмжийг БНХАУ-аас авч буй.
Одоогоор шинжилгээний оношлуурын нөөцөд санаа зовох хэрэггүй. Нөөц хангалттай бий. Бид ямартай ч 411,000 өрхөд коронавирусийн шинжилгээ хийнэ. Бүгд төлөвлөгөөнийхөө дагуу явж буй.