Зургаан хувийн хүүтэй зээлд иргэд хэрхэн хамрагдах талаар банкууд өөрийн шалгуур нөхцлүүдээ уг зээлийг олгох журмын дагуу шаардаж зээл олголт үргэлжилж байгаа ч зээлийн эх үүсвэрийн дутмагаас зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн материал банкинд сар гаруй хугацаанд хүлээгдэж буй тухай иргэд ярьж байна. Ипотекийн зээл зургаан хувь болж буурсан нь сайшаалтай ч эх үүсвэрийн хувьд тун дулимаг байна. Энэ оны төсөвт ипотекийн зээлийн санхүүжилтэд нэг ч төгрөг тусгаагүй. Монголбанкнаас өнгөрсөн оны ес, аравдугаар сарын санхүүжилтэд 50, арилжааны банкууд 40 тэрбум төгрөг гаргаснаар зээл хэрэгжиж эхэлсэн гэж хэлж болно. Энэ нь дунджаар 100 сая төгрөгийн үнэтэй байрыг ойролцоогоор 1000 гаруй хүнд олгох хэмжээний төсөв бөгөөд эрэлттэй нь харьцуулбал тун бага тоо. Тэгэхээр шинэ засгийн газар үүнд анхаарч төсвийн тодотголоор ипотекийн зээлийн санхүүжилтыг зайлшгүй нэмэх шаардлагатай болж байна.
Уг зээлд хамрагдах хүсэлтэй 1000 гаруй иргэдийн материал банкуудад дараастай байна.
99.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгов
Монголбанк болон арилжааны банкны санхүүжилтын хүрээнд 2020 оны арваннэгдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн хооронд банкууд нийт 99.5 тэрбум төгрөгийн ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийг 1.362 өрхөд олгосон байна. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээр 974 иргэнд, 62.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгогдсон бол банкны эх үүсвэрийн санхүүжилтээр 388 иргэнд 37.2 тэрбум төгрөгийг олгожээ. Түүнчлэн коронавируст цар тахлын хүндрэлтэй холбоотойгоор банкууд орон сууцны ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг иргэдээс хүлээн авч шийдвэрлэж буй бөгөөд нэгдүгээр сарын 22-ны байдлаар нийт 53180 зээлдэгч хүсэлт гаргаснаас 52384 хүсэлтийг буюу 99 орчим хувийг бүрэн шийдвэрлэж, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан байна.
Банкууд нэгдүгээр сарын 30-ны өдрийг дуустал иргэдээс ипотекийн зээлийг хойшлуулах талаар хүсэлтийг цахимаар хүлээн авсан билээ. Монголбанк, Сангийн яам зургаан хувь болгох санхүүгийн схемээ тайлбарлахдаа шинээр ипотекийн зээлд хамрагдагсдыг нэмэгдүүлэх зорилго барьж буй гэх боловч санхүүжилтийн эх үүсвэр муу зээлд тийм ч олон хүн хамруулах боломж хомс. Харин найман хувийн хүүтэй зээлдэгч нарын эргэн төлөлтийн санд төвлөрсөн мөнгөөр нь зургаан хувьд шилжүүлж дуусгах хувилбарыг судалж үзэхэд гэмгүй. Зургаан хувийн хүүтэй зээлийн санхүүжилтын шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь МИК, Засгийн газрын үүрэг юм.
Ц.МЯГМАРБАЯР
Эх сурвалж: Зууны мэдээ” сонин