Өргөө амаржих газарт амаржсан эхээс Корона вирусын шинжилгээний хариу эерэг гарсан асуудал нь өчигдрөөс эхлэн шуугиан дэгдээлээ. Тухайн амаржсан эх 4-5 хоногийн өмнө Өргөө амаржих газар буюу нэгдүгээр эмнэлэгт ирж хэвтсэн гэх мэдээлэл байгаа юм. Дөнгөж амаржсан эхийг нярай хүүхдийнх нь хамт ХӨСҮТ рүү тусгаарлалтанд авч явахдаа дүн өвлийн хүйтэнд гадуур хувцасгүй, дан шаахайтай нь авч явсан нь өнгөрсөн шөнө нийгмийг тэр аяар нь бухимдалд хүргээд байна. Халдвар тараад нэг жилийн хугацаа өнгөрөхөд Эрүүл мэндийн яам, Улсын болон нийслэлийн онцгой комисс яаралтай үед авах арга хэмжээний ямар ч бэлтгэлгүй байсан нь харагдав.
УОК-ын дарга Я.Содбаатар Эх болон хүүхдэд дэндүү хүнлэг бус харьцсанд УОК-ын даргын хувьд тухайн эмэгтэй болон түүний ар гэрийнхнээс уучлалт хүсэж байна” гэсэн.
Гүйцэтгэл дээр алдаа гаргасан албан хаагч, холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайдад тэрээр үүрэг болгожээ.
Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхийн үлгэр удаа дараа давтагдаж байгааг бүгд харсаар байна. Бүтэн жилийн бэлтгэл ажил нь ямархуу байдалтай байгааг тэд ч харууллаа.
Халварын сэжигтэй тохиолдол гэдгээ тухайн амаржсан эх өөрөө мэдэж байсан бол тэр ч бас хариуцлагагүй үйлдэл болно. Мэдээж бусад эхчүүд болон нярай үрсэд эрсдэл үүсгэсэн бол яах вэ гэдгийг бодох л асуудал. Энэ талаас нь шүүмжлэх хүмүүс ч олны дунд байгаа юм.
ХӨСҮТ бол тусгай эх хүүхдийн хүлээн авах тасагтай. Тэгвэл 5 хоногийн өмнө эмнэлэгт төрөх гэж очсон эхээс шинжилгээ авсан уу, эмнэлэгт хэвтсэнээс хойш хэдэн удаа шинжилгээ авсан бэ гэдэг асуултууд урган гарч байна.
Эдгээр асуудлаар өчигдөр шөнө холбогдох албаныхан шуурхай хуралдсан гэж байгаа юм. Харин албан бус эх сурвалжийн мэдээлснээр, Ерөнхий сайд эрүүл мэндийн сайдад, салбарын сайд эмнэлгийн даргад, эмнэлгийн дарга хариуцлага алдсан гэх албан хаагчдад хариуцлага тооцох үүрэг өгсөн гэнэ. Энэ хариуцлагын тогтолцоог иргэд эсэргүүцэн шүүмжилж эхлээд байна. Олон улсын жишгээс үзэхэд, тухайн салбарт үүссэн нөхцөл байдлын хариуцлагыг сайд нар нь үүрдэг. Харин манайд алба хаагчдаар туг тахиад өнгөрүүлдэг жишиг үйлчилдэг. Хүний амь эрсэдсэн ч суудалдаа шигдэж үлддэг энэ бусармаг зүй тогтлыг устгах цаг хэдийнэ болсныг цахим хэрэглэгчид хүчтэй илэрхийлж эхэллээ.
С.Чинтогтох