Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн энэ оны хоёрдугаар улирлын тайланд хамрагдсан 676.4 мянган ажилчны медиан цалин 943.5 мянган төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин хоёрдугаар улирлын байдлаар нэг сая 261.3 мянган төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 100.1 мянга буюу 8.6 хувиар, өмнөх улирлаас 1.6 мянга буюу 0.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин энэ оны хоёрдугаар улиралд 2015 оны дөрөвдүгээр улирлаас 1.5 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 15.8 хувиар нэмэгджээ.
НДШ төлөлтийн тайланд хамрагдсан ажиллагчдын 81.3 мянга нь 420000 төгрөг хүртэлх, 143.1 мянга нь 420001-700000 төгрөг, 185 мянга нь 700001-1100000 төгрөг, 119.5 мянга нь 1100001-1500000 төгрөгийн цалинтай байна. Мөн 68.4 мянга нь 1500001-2000000 төгрөг, 47.6 мянга нь 2000001-3000000 төгрөг, 31.3 мянга нь 3000001 төгрөгөөс дээш цалинтай аж.