"Сибирийн хүч-2"-ыг хөгжлийн хурдасгуур болгоход нэг алхам ойртлоо

  • 0
  • 99
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


ОХУ-аас БНХАУ руу татах байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах нь манай улсын хувьд ихээхэн ач холбогдолтой. Гэвч бидний хувьд хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулна гэдэг 20 гаруй жилийн мөрөөдөл байсаар ирсэн. Үе үеийн Засгийн газар, төрийн өндөрлөгүүд хийн хоолойг Монголоор дамжуулах талд ихээхэн санал, санаачилга гарган гурван улсын өндөр дээд хэмжээний уулзалт бүрээр хөндөж ирсэн ч зөвхөн яриа төдий байсаар өдийг хүрсэн. Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр шийдмэг алхмыг хийж, Оросын талтай хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх, хамтын судалгааг ахлүүлэх ажлыг албажуулсан нь олон жилийн мөрөөдлийг амилуулж, ажил хэргийн түвшинд хүрэх эхлэлийг тавьсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Газпром”-той санамж бичиг байгуулаад байгаа. Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах талаар олон жил ярьсан ч ажил хэрэг болоогүй байсныг ийнхүү эцэслэсэн юм. Тэгвэл хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах ажлыг дахин нэг шатаар ахиулсан түүхэн үйл явдал өнгөрсөн долоо хоногт боллоо. Тодруулбал, ОХУ-аас БНХАУ руу татах хийн хоолойг Монголоор дамжуулах төслийг хэрэгжүүлэх боломжийг хамтран судлах талаар харилцан ойлголцлын Санамж бичигт ОХУ болон Монголын тал гарын үсэг зурав. COVID-19” цар тахлаас шалтгаалан хоёр тал онлайн хуралдаан зохион байгуулж, хийн хоолойг Монголоор дамжуулах төслийн ТЭЗҮ боловсруулах, тусгай зориулалтын компани байгуулах гэрээнд гарын үсэг зурсан нь энэ ажлыг нэг шат ахиулсан томоохон алхам болсон гэж хэлж болно. Энэ цагаас хойш хийн хоолойг Монголоор дамжуулах тус төсөл яриа хэлэлцээрийн шатнаас ахиж ажил хэрэг болж эхэллээ. Гэрээнд Монголын талаас Шадар сайд Я.Содбаатар, ОХУ-ын талаас Оросын нийтийн өмчит Газпром” компанийн ерөнхийлөгч Миллер нар гарын үсэг зурсан юм. Түүнчлэн Оросын тал хүсэлт тавьсны дагуу онлайн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, хэлсэн үгэндээ 2021 онд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг өргөн хүрээтэй тэмдэглэхээр төлөвлөж байгаагаа дуулгаад энэхүү түүхэн ойг хийн хоолойг Монголоор дамжуулах төслийн хэрэгжилтийг эхлүүлсэн байдлаар тэмдэглэх саналыг тавьсан юм. Тус төслийг хэрэгжүүлж, Монголын нутгаар жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулснаар Монгол Улс жилдээ нэг тэрбум ам.долларын орлого олох боломжтой гэсэн тооцоог урьдчилсан байдлаар гаргаад буй. Төслийг хэрэгжүүлж чадвал Монгол Улс дахин нэг Саалийн үнээ”-тэй болох боломж бүрдэнэ.

 
ХИЙН ХООЛОЙГ ДАМЖУУЛАХ АЖЛЫГ ДАХИН НЭГ ШАТ АХИУЛНА
 
Монголоор дамжуулах хийн хоолойн төслийн яриа, хэлэлцээ ОХУ-аас Газпром компани, БНХАУ-ын талаас СNPC” компанийн хооронд өрнөсөн бол Монголын талаас Эрдэнэс Монгол” компани хариуцан ажиллахаар болсон. Ямартай ч өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Газпром” компанитай хийсэн онлайн уулзалтаар ТЭЗҮ боловсруулж, тусгай зориулалтын компани байгуулахаар болсон. Дараагийн алхам нь Эрдэнэс Монгол” компани ОХУ-ын Газпром” компанитай нууцлалын гэрээ байгуулах аж.
 
Энэ тухайд Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар өгсөн мэдээлэлдээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны арванхоёрдугаар сард ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэр ОХУ-аас БНХАУ руу явуулах Сибирийн хүч-2” төслийг Монголын газар нутгаар дамжуулах талаар тохиролцсон. Төслийг хэрэгжүүлэгч гурван улсын байгууллага тодорхой болсон. ҮАБЗ-өөс Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Хоёр талд ажлын хэсэг байгуулсантай холбогдуулан Газпром” компани Шадар сайдын ажлын хэсэгтэй энэ жил хийх ажлын телөвлөгөөг гаргасан. Нийт 11 ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ ажлын явцыг цахим уулзалт хийж дүгнэлээ. Эхний ТЭЗҮ-г боловсруулах, хийн хоолойг Монголын газар нутгийн аль цэгээр оруулж, гаргах, ямар маршрутаар тавих болон хийн хоолойг тавихтай холбогдуулан судалгааны ямар ажил хийх чиглэлээр ОХУ, Монгол Улсын хооронд мэдээлэл солилцон нарийвчилж ярилцаад эхний ээлжид дээрх ажлыг хийхийн тулд тусгай зориулалтын компани байгуулахаар боллоо. Харин ойрын үед Эрдэнэс Монгол” компани ОХУ-ын Газпром” нээлттэй нийгэмлэгтэй нууцлалын гэрээ байгуулах ёстой. Ингэснээр хийн хоолойн бизнесийн болон байгууллага, улсын нууцад хамаарах зарим мэдээ мэдээллийг солилцох маршрут тогтоох, ТЭЗҮ боловсруулах зэрэг бусад судалгааны ажлыг эхлүүлнэ. Үүний дараа бодит бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэсэн хүлээлттэй байна” гэсэн юм. Ийнхүү байгалийн хийг дамжуулах болон экспортлох тал буюу ОХУ, Монгол Улс хамтын ажиллагаагаа нэлээд өргөн хүрээнд явуулж эхэллээ. 
ОХУ БНХАУ-тай Сибирийн хүч-1” төслийг ийнхүү амжилттай хэрэгжүүлж байгаа бол Сибирийн хүч-2” төслийг Монголын нутгаар дамжуулахаар тохироод байна. Сибирийн хүч-2” төслийн хүрээнд хийн хоолой нь ОХУ-ын газар нутгаар 4000 км явах ёстой. Харин манай улсын газар нутгаар 1000 гаруй км хоолой тавигдана.
Манай улсын хувьд тус хийн хоолойг төмөр замынхаа маршрутыг дагуулж тавих хүсэлтийг хоёр хөршид тавиад буй. Ямартай ч цар тахлын нөхцөл байдал сайжрахаас хамааран ойрын үед гурван тал болон Орос, Монголын тал уулзалт, өндөр дээд хэмжээний айлчлал хийж тодорхой зүйлсийг ярилцахаар төлөвлөсөн байгааг Шадар сайд Я.Содбаатар дуулгаж байв.
 
БНХАУ БАЙГАЛИЙН ХИЙГ МОНГОЛООР ДАМЖУУЛАХТАЙ ХОЛБООТОЙ ЯМАР НЭГЭН МЭДЭГДЭЛ ХИЙГЭЭГҮЙ
 
Хийн хоолой барих угсралтын ажил болон судалгаа эхлэх гэж байгаатай холбогдуулан БНХАУ, ОХУ, Монгол гэсэн гурван талын ажлын хэсэг гарч ажиллана гэдгийг холбогдох албаныхан өгч байгаа. Гэвч сүүлийн өдрүүдэд БНХАУ-ын тал буюу байгалийн хий худалдан авагч талаас хийн хоолойг Монголоор дамжуулж авахгүй гэж мэдэгдсэн талаар мэдээлэл гараад эхэлсэн. Ямартай ч Шадар сайдын өгч буй тайлбараар БНХАУ байгалийн хийг Монголоор дамжуулахтай холбоотой ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй байна. Тэрбээр Тийм зүйл огт байхгүй. БНХАУ, ялангуяа манай улсын хил залгаа бүс нутгийн хэрэглээтэй холбоотойгоор энэ төслийг анх ярьсан. Мөн БНХАУ хийн хэрэглээнд аажмаар шилжих хүрээнд томоохон хэрэглэгчдийн асуудлаа шийдвэрлэх шаадлага бий. Тиймээс гурван талын Төрийн тэргүүнүүдийн түвшинд ярьж шийдсэн асуудал. Хятадын талаас өнөөдрийн байдлаар хийн хоолойг Монголоор дамжих асуудлыг эсэргүүцсэн, үгүйсгэсэн зүйл хийгээгүй” гэсэн юм.
 
УРЬДЧИЛСАН ТООЦООГООР НЭГ ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН АШИГ ОЛНО
 
Манай улсын эдийн засгаа хөгжүүлэх гол хөшүүрэг нь өмнөд, хойд хоёр хөршөө түшиглэх. Үүний тулд төмөр зам, газрын тос болон байгалийн хийн хоолой, эрчим хүчний шугам барих зэргээр хоёр хөрш орныг дэд бүтцээр холбох томоохон төслийг хэрэгжүүлэх зорилтыг тавьж байгаа. Үүний нэг томоохон хэсэг нь ОХУ-аас БНХАУ руу татах байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах явдал юм. Эдийн засгийн үр ашгийн тухайд гэвэл, юуны түрүунд, хий дамжуулсны төлбөр улсын төсөвт орж ирнэ. Урьдчилсан тооцоогоор нэг тэрбум ам.долларын орлого орохоор байна. Үүнээс гадна хийн хоолой нь манай улсын дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлж, агаарын бохирдлыг бууруулахын зэрэгцээ бүс нутгийн эрчим хүчний интеграцад чухал байр суурь эзэлнэ гэж мэргэжилтнүүд тооцоолж байгаа билээ. Харин умард хөршийн эрчим хүчний мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хийн хоолойн дорнод маршрутын хөгжил нь Хятад болон Азийн бусад орон Газпром”-ын урт хугацааны хэрэглэгч болох учир ойрын 10 жилд байгалийнхийн ашиглалт эрс нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа аж. Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү Хувь, хувьцаа эзэмших үү, хөрөнгө мөнгө дагаж оролцох уу гэдэг нь эцэслэгдээгүй байна. Аль болох Монголын талд л ашигтай байхаар гэрээндээ тусгахаар ажиллана. Хий дамжуулах төлбөрийн тогтсон жишиг олон улсад бий. Үүний дагуу төлбөрөө авна гэсэн урьдчилсан нөхцөл байдлыг ярьж байна. Уг төсөлд дотоод, гадаадын хуулийн болон санхүүгийн зөвлөх компаниудыг авч ажиллуулна. Тэгж байж бизнес загвараа гаргана. Зураг төсөл боловсруулах болон бусад үе шатанд Монголын тал төлөөлөөд Эрдэнэс Монгол” ХК ажиллана” гэв.
Хийн хоолойг Монголоор дамжуулах талаар үе үеийн Засгийн газар, төрийн өндөрлөгүүд олон жил ярьж, бүс нутгийнхаа эдийн засгийн интеграцад нэгдэх, хоёр хөршөө холбосон эдийн засгийн коридор бий болгохыг дэмжих чиглэлд ажиллаж ирсэн. Тэгвэл олон жил ярьсан энэ ажил өнөөдөр бодит биеллээ олж зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах ажил руу орж байгаа нь манай улсын хувьд томоохон амжилт.
Хийн хоолойг Монголоор дамжуулах ажлын гараа Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-д есөн жилийн дараа хийсэн төрийн айлчлалаар эхэлсэн. Тэгвэл энэ ажлыг шат ахиулан гэрээ, Санамж бичигт гарын үсэг зураад байна. Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр тус улсын Ерөнхийлөгч В.Путин төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн зүгээс ямар ч саад байхгүй гэдгийг тодотгон хэлж байсан юм. Харин одоо Хятадын талаас дэмжиж буйгаа илэрхийлбэл энэ ажил цаашид ямар нэгэн саадгүйгээр шат ахин урагшилна. Монгол Улс хоёр том хөрштэй. Өөрөөр хэлбэл, бид дэлхийн хоёр том эдийн засгийн дунд оршиж байна. Энэ давуу талаа ашиглан хөгжих боломж асар их бий. Монголын нутгаар дамжих Сибирийн хүч-2” хийн хоолой бол үүний нэг нь юм. Хоёр хөршийн Сибирийн хүч”-ийг Монголын хөгжлийн хүч хөдөлгүүр болгох цаг ойртжээ.
 
 
М.Энхцэцэг
Эх сурвалж: Монголын үнэн сонин

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх