Н.Алтанхуяг: Ч.Хүрэлбаатар сайд энд хичээл заагаад яах вэ

  • 0
  • 97
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

Н.Алтанхуяг: Ч.Хүрэлбаатар сайд энд хичээл заагаад яах вэ

 


УИХ-ын чуулганы баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсныг товчлон сийрүүлэв.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Төсвөө тогтож ярихгүй бол болохгүй. Цар тахал гээд төсвөө хэмнэхийн оронд дараа жилийн хуулиа өөрчлөөд сууж байдаг парламент байна. Төсөв хэмнэх боломжтой гэж нам харгалзахгүй гишүүд хэлж байна шүү дээ. Төсвөө хэмнэхгүй улсын өрийг ихэсгэж байгааг юу гэж ойлгох вэ Ч.Хүрэлбаатар сайд аа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Коронавирусийн халдвараас шалтгаалж дэлхийн улс орнуудын эдийн засаг унасан. Тэгсэн хэр нь эдийн засгийн судалгаа хийдэг байгууллагууд 2021 онд эдийн засаг өснө гэсэн дүгнэлт гаргаад байгаа. Тэгэхээр Засгийн газар эдийн засаг агшихаар бүх юмаа хасаад, эдийн засгаа агшаачихаар дахин сэргээхэд маш их хугацаа орно гэж үзэж байна. Нэгэнт л ирэх жил өсөлт бий болох учраас энэ онд уналттай үед нь эдийн засгаа дэмжиж өгөх замаар явах нь хүндрэлийг даван туулах сайн арга гэж энэ тоонуудыг оруулж ирж байгаа юм. Хассан зардлууд нэлээд бий. Хөрөнгө оруулалтын зардал, төсөвт байгууллагын зардлыг 118 тэрбумаар хассан. Нөгөө талдаа нэмэгдсэн зардлууд бий.

Хүүхдийн мөнгийг нэмсэнтэй холбоотойгоор 800-аад тэрбум, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 100 гаруй тэрбумаар нэмсэн. Мөн нийгмийн халамжийн тэтгэмж хүртдэг мөнгийг нэмсэн. Иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлийн арга хэмжээг өнөөгийн цаг үед авах шаардлагатай байна. Хоёрдугаарт, мөчлөг сөрсөн бодлогыг зайлшгүй авах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Ч.Хүрэлбаатар сайд энд хичээл заагаад яах вэ. Та хэд гэдэг тоог хэд болгож өөрчилж байгаагаа хэлчих. 
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Хичээл заах гээд байх сонирхол ч алга. ДНБ-ий бодит өсөлт хасах нэг гэж тавьсан. Анх оруулахдаа зургаан хувиар тооцож байсан. Хэрэглээний үнийн индексийг 3.8 хувь болгосон.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Төсвийн алдагдал 9.9 гэж зарлахаар гадаад орчинд ямар эрсдэл үүсэх вэ гэдгээ зөв тооцож байж алдагдлын хэмжээг зарлах ёстой. Алдагдалтай уялдуулаад өрийн хэмжээ бас нэмэгдэж байгаа. Төсвөөс санхүүжүүлэх нийт зардал 1.6 их наяд хүрсэн байна. Цаашдаа хүүхдийн мөнгийг нийгмийн халамжаас өөр авч үзмээр байгаа юм. Хүүхдийн мөнгөн дээр сар бүр 120 тэрбум төгрөг нэмэгдээд ороод ирэхээр төсвийн алдагдал нэмэгдээд байгаа зовлон байна. Төрийн өмчит компаниудын асуудал бий. 500 гаруй компанийн 300 гаруй нь алдагдалтай ажиллаж байна. 26.2 их наяд төгрөг төрд байгаа. Хөрөнгөөсөө хүртэж байгаа өгөөж нэг ч байхгүй. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Төсвийн алдагдал 9.9 хувь гэдэг бол өндөр. Дэлхийн улс орнуудын хувьд ч энэ жилдээ ийм байна. Зардлуудаа хянах гэж нэлээд оролдсон. Хүүхдийн мөнгийг Халамжийн тухай хуулиар зохицуулдаг. Бодлогодоо өөрчлөлт оруулж байж халамжаас гарах эсэхээ шийднэ. Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулахад ажиллах шаардлага бий.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: 2020 онд дэлхий даяар төсвийн алдагдал 11 их наяд ам.доллар хүрэхээр байна. Төсвийн орлого 25 хувиар буурах таамаглал гаргасан байна лээ. Сангийн яамны оруулж ирсэн төсөв дэлхийн стандартаас нэг их хазайгаагүй гэж харж байна. Гэхдээ нөгөө талд төсвийн алдагдлыг бууруулахын тулд орлого дээрээ ажиллах, тэр тусмаа архи, тамхины онцгой татварыг нэмбэл яах вэ. Бусад орон ийм арга хэмжээ авч байна. Төсвийн хөрөнгө оруулалтын өгөөж, богино хугацаанд ямар үр өгөх вэ гэдгийг шалгадаг уу. Ирэх онд 500 сая ам.долларын бонд төлнө. Хөрөнгө оруулагч нартайгаа уулзаж байгаа юу. Хөрөнгө оруулагчдын төлөв ямар байна. Сонирхол байна уу. Бонд гаргахад бидэнд ямар боломж байгаа вэ. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 2021 онд татварын хувь хэмжээг нэмэхгүй. Харин одоо байгаа хуулийнхаа хүрээнд татвар авах хүрээгээ нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарна гэж бодож байгаа. Ирэх жил Мазаалай” бондыг төлөх ёстой. Цаглабараа гаргаад ажиллаж байгаа. Манай яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. 

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: Энэ дөрвөн жилд ард иргэдэд үнэнээ хэлээд Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сангийн мөнгийг төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулъя. Иймэрхүү байдлаар явахгүй бол гаднын хөрөнгө оруулагчдад 1.7 их наядын алдагдал нэг жилд үйлдвэрлэж байна гэдэг мессэж өгнө.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх